Эмнэлгийн тусламж үйлчилгээний хууль энэ сарын 3-наас хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-06 17:26:11

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг Эрүүл мэнд, спортын яаманд хүлээлгэн өгөх хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.

УИХ-ын дарга З.Энхболд уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Өнөөгийн улсын гэх тодотголтой эмнэлгүүдийн зохион байгуулалт, удирдлагын тогтолцоонд үр ашиггүй байдал давамгайлж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын төсвийн зардал нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд биш барилга байшин, халаалтад зарцуулагдаж ирсэн. Иймээс эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, өөрчлөлт, шинэчлэлт хийх үүднээс тус хуулийг баталсан.Тус хууль нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүн амын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хүртээмжтэй, чанартай, үр ашигтай хүргэх, гүйцэтгэлийн үр дүнгээр нь санхүүжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зохистой харьцааг хангахад чиглэсэн чухал ач холбогдолтой хууль юм” хэмээн онцлов.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, "Монгол Улсын гол баялаг бол эрүүл монгол хүн билээ. Энэ хуулийг баталснаар эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж буй олон асуудал шийдвэрлэгдэж, иргэд зүй зохистой, үр ашигтай байдлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлсэн үгэндээ, "Эрүүл мэндийн салбар өмнө нь боломжин дээр тулгуурлаж ажилладаг байсан бол харин одоо зорилт дээр тулгуурлаж ажиллах сайхан боломж бүрдлээ. Мөн эмч нарын үнэ цэнэ нэмэгдэж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудал нь шийдэгдэх сайхан боломж нээгдэж байна. Харин хуулийг хэрэгжүүлэх үйл явцад салбарынхан онцгойлон анхаарах хэрэгтэй. АХБ-наас хуулийн хэрэгжилтэд буцалтгүй тусламж олгосноор хуулийн төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Тус арга хэмжээний үеэр хуулийн төслийг боловсруулах, батлахад идэвх зүтгэл гаргаж ажилласан хүмүүст Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа эрүүл мэндийн салбарын шагнал, өргөмжлөл гардуулав.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь 7 бүлэг, 24 зүйлтэй. УИХ-аас энэ оны 4 дүгээр сарын 22-ны өдөр баталсан. Энэ сарын 3-ны өдрөөс хэрэгжиж байгаа юм. 

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ