ХХААХҮ-ийн сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-20 14:46:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такачтай  цахим уулзалт хийв.


Уулзалтынхаа эхэнд ХХААХҮ-ийн сайд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд Европын сэргээн босголт, хөгжлийн банк анхаарал хандуулж, хамтран ажилладагт талархал илэрхийлээд, “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усан хангамж” төслийн талаар ярилцлаа. 


Монгол Улсын Засгийн газраас усалгаатай газар тариаланг 2025 он гэхэд 100.0 мянга га хүргэх зорилт тавин услалтын систем шинээр барих, сэргээн засварлах хөрөнгө оруулалт хийсний үр дүнд усалгаатай тариалангийн талбайн хэмжээ 2019 оны байдлаар 56.0 мянган га хүрээд байгаа.


Түүнчлэн Засгийн газрын 2019 оны тогтоолын дагуу “Дархан арьс ширний цогцолбор төсөл”-ийн шаардлагатай бусад санхүүжилтийг  Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх боломжтой эсэх асуудлаар талууд санал солилцлоо.


“Дархан арьс ширний цогцолбор төсөл”-ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлснээр олон улсад өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийг олон тулгууртай болгох, хот суурин газрын өрсөлдөх чадварын нэмэгдүүлэх зэрэг төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Холбоотой мэдээ