Хан-Уул дүүргийн 32 дугаар сургуулийг өргөтгөж шинээр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-06 13:27:32

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 640 хүүхдийн суудалтай 32 дугаар сургуулийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа 2016.06.04-ны өдөр боллоо.

Шав тавих ёслолын үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном, ХУД-ын Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг, 32 дугаар сургуулийн захирал Г.Мөнхбаяр, төслийг хэрэгжүүлэгч "Ганьт" ХХК-ийн ажилтан албан хаагчид болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус сургуулийн  барилга нь анх 1956 онд ХААДС-ийн харъяа мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн жижиг амьтан судлалын лабораторийн зориулалтаар баригдаж ашиглалтад орсон бөгөөд 1965 онд 32 дугаар сургуулийн хичээлийн байр болсон байна.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 6 удаагийн дүгнэлт акт гарч байсан байна. Ийнхүү энэ онд Засгийн газрын тогтоолоор төр хувийн хэвшлийн түншлэл, концессын гэрээгээр тус сургуулийн барилгын ажил хийгдэхээр болжээ. Удахгүй Зайсан орчмын хүүхдүүд шинэ сургуульдаа, гэртээ ойрхон, тав тухтай нөхцөлд хичээллэх нөхцөл боломж бүрдэх юм гэж Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ