Оцон Мааньтын чулуун зэвсгийн буудал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-20 12:27:03
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн түүхэн дурсгалт газруудын нэг Оцон Мааньтын тухай уншигч та бүхэндээ хүргэж байна.
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт байх Оцон Мааньтын чулуун зэвсгийн буудлыг 1960, 1962, 1967 онд Монгол-Зөвлөлтийн судлаачид анх олж, судалж шинжилсэн байна. Тухайн газарт буй чулуун зэвсгийн эдлэлий хар саарал өнгийн чулуугаар хийсэн байдаг. Эдгээрээс заримыг сонирхуулахад:
8.9*11*2см хэмжээтэй ирлэсэн ялтас. Нүүрэн талын бүх хажуу ирмэгээс жижиг залтас холтлон засаад, ирмэгийг эргэн тойрон жигд ирлэсэн байдаг. Эдлэлийн ар талд цохилтоос тогтсон том товгортой бөгөөд хөндлөн огтлол нь ялимгүй бөгтөр тахир юм. Зэвсгийг юм огтлох зориулалтаар ашиглах бүрэн боломжтой. 
Дугуй хэлбэрийн хусуур зэвсэг. 6.5*5.1*1.7 см хэмжээтэй хайрган чулуугаар хийсэн уг зэвсгийн их биеийг огт засаж хөндөөгүй ба харин баруун ирмэгийг ялимгүй засаж, дээд ирмэгийг нэг талаас нь цохих аргаар ихэд нямбай жигд ирлэсэн байна. 
Жижиг гилбэр маягийн бичил мэс зэвсэг. 4.1*5.6*1.1 см хэмжээтэй энэхүү зэвсгийг хоёр талаас нь цохих аргаар засаж жигд айзамтай долгио ир гаргасан нь Ярх уулын орчмоос олдсон гилбэр маягийн зэвсэгтэй адил, төстэй боловч хэмжээгээрээ арай жижиг юм.
Гурвалжин хэлбэрийн залтас. Ирлэж хийсэн. Юм огтлох, хусах, мод үзүүрлэх зэрэг зориулалттай байж болох 5,6*9,2*1 см хэмжээтэй зэвсэг. Түүний хажуугийн дугуйдуу ирмэгийг нэг талаас нь цохиж ирлэжээ.
4.5*8.5*1.8 см хэмжээтэй ирлэсэн залтас. Хажуу ирмэгийг нь энд тэнд цохиж хайнгадуу ирлэжээ.
Хажуу ирмэгийнх нь бараг хагасыг цохиж ир гаргасан 6.4*4*0.9 см хэмжээтэй залтас.

Оцон мааньтаас олдсон дугуйдуу хэлбэрийн үлдэц, гонзгойдуу үлдцүүд нь их эртний шинжтэй бөгөөд тийм хэлбэрийн үлдэц Европ, Өмнөт Ази, Африкт дундад палеолитын үед элбэг тохиолддог ажээ. Гонзгойдуу ялтсаас маш нямбай зөөлөн цохилтоор товгор артай тэгш ирмэгтэй урт зууван гурвалжин ялтас цуулж авдаг байжээ. Ташуу цохих талбайтай ийм урт, өргөн ялтас Оцон Мааньтын чулуун зэвсэг олдсон зургаан хэсэг газар тус бүрээс олджээ. Дээр дурдсан үлдэц, ялтас нь Европ, Африкт ашелийн үед үүсэж, мустьегийн үед хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн леваллуагийн чулуун зэвсэг хийдэг аргатай нэгэн ижил арга барилаар хийсэн байна. 

Холбоотой мэдээ