Хүүхэд, гэр бүл, өрхийн нөхцөл байдлыг тогтмол мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-19 17:57:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар "COVID-19"-ийн цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмсэн нь нийт өрхийн 68 хувьд хүрээд буйг ҮСХ, НҮБ-ын Хүүхдийн сангаас хийсэн “Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр 2020-2021 (ОҮБТС+) судалгаанд дурджээ. Хүүхэдтэй өрхийн хувьд дээрх үзүүлэлт 98 хувь байгааг өнөөдөр цахимаар танилцуулсан судалгааны эхний 2 үе шатны үр дүн харуулж байна.

ОҮБТС+ нь улс орнуудад зайлшгүй шаардлагатай үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий мэдээллийг цаг тухайд нь цуглуулах, мэдээлэх зорилготой компьютерын тусламжтай утсаар судалгаа авах НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөтөлбөрийн шинэ санаачилга юм.


Судалгаа нь хүүхэд, гэр бүл, өрхийн нөхцөл байдлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй арга зүйг ашиглан тогтмол мэдээлэлтэй болох зорилготой аж.

“Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр 2020-2021 (ОҮБТС+) судалгаагаар "COVID-19"-ийн нөхцөлд Засгийн газраас нийгмийн даатгалын төлбөрийг чөлөөлсөн үйл ажиллагаа нь нийслэл хотод 31, хөдөөд 19 хувьтай хэрэгжсэн бол ноолуурын урамшуулал хөтөлбөрт хөдөө, орон нутагт 61, хотод 5 хувь хамрагджээ. Судалгааны үе шат бүрт өрхийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, цар тахлын үе дэх бэрхшээлийг тодруулсан байна.

Тодруулбал, нэгдүгээр шатанд цар тахлын үе дэх 2-17 насны хүүхдийн зайн сургалт, хоёрдугаар шатанд хүнсний аюулгүй байдал, хүүхдийн хоол тэжээлийн талаар мэдээлэл цуглуулжээ. Судалгаагаар хот, хөдөөд нийт 2200 өрхийг түүвэрлэн хамруулахад 4 бүс тус бүрээс 400 өрх, Улаанбаатар хотоос 600 өрх байхаар хуваарилжээ.


Холбоотой мэдээ