Өрөгч, угсрагч, хавтан наагчид уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-06 12:18:31

Барилгын 10 шахам компанийнхан оролцсон “Ур чадвар-2016” тэмцээн өчигдөр Чойбалсан хотноо өрлөг, угсралт, хавтан наалтын гэсэн төрлөөр  болж, аймгийн аваргуудаа тодрууллаа.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90, Дорнод аймагт барилгын салбар үүссэний 60 жил, Монголын барилгачдын холбоо үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтан  Дорнод аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Монголын барилгачдын холбооны Дорнод аймаг дахь салбар санаачлан зохион байгуулж байгаа олон ажлын нэг хэсэг нь энэ юм.

Манай улс 2013 онд Дэлхийн барилгачдын ур чадварын холбоонд 69 дэх орноор  элссэнээс хойш МСҮТ, коллежуудын хооронд ур чадварын улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдох болсон. Энэ удаагийн тэмцээн нь барилгын олон компаниудын дунд болж байгаагаараа орон нутагт анхны томоохон тэмцээн уралдаан юм гэдгийг МСҮТ-ийн захирал Т.Гантулга “Ур чадвар-2016” тэмцээний нээлт дээр хэлсэн үгэндээ онцолж байсан.

Тусгаар тогтнолын талбайд болсон тэмцээний үеэр ЕБС-ийн сурагчдын дунд “Ирээдүйд амьдрах миний байшин” гар зургийн болон макетын уралдаан боллоо. Гар зургийн уралдааны нэгдүгээр байрыг Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн сурагч Ариунбат эзэлсэн бол макетын уралдааны тэргүүн байрт Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн сурагч Отгончимэг оржээ.

                                                                                                                                  Б.Туяа 

 

 

 

 

Холбоотой мэдээ