100 жилийн ойн хүрээнд хийх бүтээлч ажлуудаа зарлав

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-01-19 11:47:07
Баянхонгор /МОНЦАМЭ/. Орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ойг угтаж Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас “100 зөв хүүхэд”, “100 төл мал”, “100 бүтээлч ажил”, “100 хувь сэтгэл ханамж” зэрэг ажлыг эхлүүлжээ.
Тодруулбал, Хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай 100 хүүхдийг зөв төлөвшилтэй хүн болгох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч сэтгэц оношилгоо, сэргээн засах эмчилгээ болон сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулахаар болсон байна. Мөн Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Засаг даргын санаачилгаар албан байгууллагуудад 100 төл малыг хуваарилсан бөгөөд 100 төл малыг хүлээн авч, мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамруулж, шимтэй өвс тэжээлээр ханган маллаж байгаа юм.
Түүнээс гадна Цагдаагийн газрын алба хаагчдын болон иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог хангахад чиглэсэн урлаг, спортын уралдаан тэмцээн, соён гэгээрүүлэх ажил, сургалт, сурталчилгаа зэрэг бүтээлч ажлуудыг өрнүүлж ажиллахаа мөн мэдээлэв.
Мөн Цагдаагийн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдийн цагдаад итгэх итгэл, хандах хандлага, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор алба хаагчдын харилцаа хандлага, түргэн шуурхай байдалд онцгой анхаарч ажиллах юм байна. Ингэхдээ алба хаагчдын албандаа хандах хандлага, ажлаас авах сэтгэл ханамж, урам зоригийг нэмэгдүүлэх бүхий л төрлийн арга хэмжээг үе шаттайгаар, судалгаа баримтад тулгуурлан зохион байгуулах аж.
Холбоотой мэдээ