Засаг дарга бямба гарагт иргэдээ сонсож байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-17 17:11:38

Увс /МОНЦАМЭ/. 2021 оноос эхлэн бямба гараг бүрийн 13-16 цагийн хооронд аймгийн Засаг дарга иргэдээ сонсож байхаар болсон юм. Энэ дагуу 2 дахь удаагийн уулзалт энэ сарын 16-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж, найман иргэн аймгийн даргатай биечлэн уулзлаа. Мөн үеэр Улаанбаатар хотод сурч байгаа оюутан Б.Буян-Арвижих цахимаар холбогдож, санал хүсэлтээ уламжилсан юм.

“Коронавирусний халдварын улмаас Улсын онцгой комисс орон нутгийн иргэдийг хөдөө аймаг руу явуулахгүй байх шийдвэр гаргасан бөгөөд үүнийг нь аймгийн Онцгой комисс биелүүлэн ажиллаж байна. Манай аймгийн хувьд гэрийн ажиглалтын дэглэмээ зөрчин гадуур явсан хариуцлагагүй иргэдийн талаарх гомдлууд ирж, мөн Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон зөрчлүүд хэд хэд гарсан тул нийт иргэдийнхээ аюулгүй байдлын үүднээс тусгаарлах байрны хяналтад оруулах шийдвэр гаргасан” гэдгийг аймгийн Засаг дарга Ч.Чимэд энэ үеэр онцолж байлаа.

Мөн иргэдийн дунд бусад аймаг иргэдээ татан авч байхад манайх авахгүй байна гэдэг мэдээлэлд бодитой хандахыг хүслээ. 

Холбоотой мэдээ