УБТЗ-ын төв эмнэлэгт амьсгалын аппарат хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-15 14:43:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Тээврийн яамнаас манай улсын “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төв эмнэлэгт шаардлагатай 197 сая төгрөгийн үнэ бүхий амьсгалын 2 аппарат хандивлав. Хөрөнгийг Хятад улсын талаас гаргасныг хоёр орны Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан хүлээн авч өнөөдөр эмнэлгийн удирдлага, хамт олонд гардууллаа.


Амьсгалын аппарат хүлээлгэн өгөх ёслолд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Жан Мүшин, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, тус нийгэмлэгийн орлогч дарга бөгөөд Гамшгаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаяр, УБТЗ-ын төв эмнэлгийн дарга С.Еркегул нар байлцав. 


Ташрамд мэдээлэхэд, "COVID-19" цар тахлын халдвар дотоодод тархаж эхлэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих үеэс Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, УОК-ын даргын тушаалаар зам, тээврийн салбарт халдвараас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй Шуурхай бүлгийг ЗТХЯ-наас зохион байгуулснаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүсээд байсан коронавирусний халдварыг богино хугацаанд таслан зогсоож, Монгол Улсын төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсан юм. 


Холбоотой мэдээ