Хөрс, ус бохирдуулах эрсдэлтэй бүсүүдэд 18 мянган эко жорлон суурилуулна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 12:36:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ 2020-2024 онд хөрс, усны эрсдэл бүхий бүсүүдэд ногоон байгууламж бүхий 18 мянган жишиг эко жорлон суурилуулахыг тус яамны Инновац, цэвэр технологийн хэлтсийн дарга Б.Оргил "Эко жорлон" үйл ажиллагааг танилцуулахдаа хэлэв.


“Гэр хорооллыг орон сууцжуулснаар хөрсний бохирдол багасна. Үүнд урт хугацаа шаардах тул богино хугацаанд үр дүнгээ өгөх арга нь эко жорлон юм. Иймд эхний ээлжинд хөрс, усны бохирдол үүсэх газрыг, тухайлбал Туул голын сав газар дагуу, ундны усны эх үүсвэрт ойролцоо, шаардлага хангаагүй нүхэн жорлонг стандартад нийцсэн эко жорлон болгоход анхаарна. БОАЖЯ бодлогын хувьд нүхэн жорлон, угаадасны нүхэнд тавих нийтлэг шаардлага, стандарт, норм мөрдүүлнэ. Гэр хорооллын айлын хашаанд бохирын булж орхисон 3-4 нүх байдаг. Харин соруулдаг эко жорлонг дахин ашиглах боломжтой тул хөрс бохирдуулахгүй давуу талтай” гэв.


Эко жорлонгийн 4 хана, ёроолыг битүүмжилсэн, доторлогоотой тул бохир хөрсөнд нэвчихгүй, дүүрсэн үед нь бохир, лагийг соруулах боломжтой, хэрэглэх хүндээ тав тухтай, агааржуулагч, гэрэлтүүлэгтэй, бохир үнэртэхгүй.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгадас ялгаруулдаг аж. Монгол Улсын хүн амын хагас нь нийслэл Улаанбаатарт аж төрдөг. Үүнээс 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч, 386,000 нүхэн жорлон ашигладаг тоо бий. 

Холбоотой мэдээ