Монголын ноос ноолуурын холбоо мэдэгдэл гаргалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын ноос ноолуурын холбоо Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлтэй холбоотой мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд:
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны энэ сарын 06-ны хуралдаанаараа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийжээ.
Зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд хөдөлмөрийн харилцаанд олон арван шинэ ойлголт, харилцаа, хэлбэр бий болж үүнийг зохицуулах шаардлагатай энэ цаг үед төр засаг Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилэн найруулж байгаад Монголын олон зуун ажил олгогч, тэднийг төлөөлж буй Монголын ноос ноолуурын холбоо талархалтай байгаа.
Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон зарим зүйл заалт Монголын эдийн засгийг нуруун дээр үүрч яваа үйлдвэрлэл эрхлэгч, ажил олгогчдын төлөөлөл сэтгэл дундуур, шүүмжлэлтэй хандаж байгааг мэдэгдэж байна.
Дэлхий дахиныг нөмөрсөн цар тахлын үед ажлын байрыг хадгалж үлдэх бодлого УИХ, Засгийн газар, ажил олгогчдын амин чухал асуудал болсон. Тэр дундаа дотоодын мал аж ахуйн салбарыг түшиглэн хөгжиж буй ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд ажлын байрыг хадгалж үлдэх, ажилтныхаа хөдөлмөрийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд заасанчлан ёсчлон биелүүлэх үүргээ ухамсарлан хүнд хэцүү үеийг даван туулахыг хичээж байна.
Аливаа хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан хэмээх хоёр субьектын эрх, үүрэг нэгнээсээ нарийн хамааралтай зохицуулагддаг. Аль алиных нь танцвэрийг тохируулж хуульчилж чадвал хөдөлмөрийн харилцаанд оролцогч хоёр тал сэтгэл ханамжтай, тэр хэрээр хөдөлмөрийн бүтээмж өндөр болж, цаашлаад улс орны хөгжилд өндөр хувь нэмэртэй. Нөгөөтэйгүүр аль нэгнийг нь онцолж халамжилж, эсвэл хуулиар шахан боогдуулах нь тухайн салбарын хөгжилд саад болох гэмтэй.
Монголын ноос ноолуурын холбоо Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь ажил олгогчийг торгуулийн системээр дарамталсан, ажилтанд хэт их эрх, тэтгэмж, халамжийн бодлогоор тойгдсон хэмээн үзэж байна.
Тухайлбал, тус хуулийн төслийн
- 4 дүгээр зүйлийн 4.1.19-д цалин хөлс гэж ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор, шагнал урамшууллыг хэлнэ.
- 10 дугаар зүйлийн 10.1-д ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл: боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно.
- 58 дугаар зүйлийн 58.1-д энэ хуулийн 74.2, 74.3, 91.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлын цагийг нь богиносгосон ажилтны цалин хөлсийг цагаар эсвэл хийснээр нь тооцож олгох бөгөөд богиносгосон цагт ногдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нэмж өгнө.
69 дүгээр зүйлийн 69.3-т ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байна.
- 72 дугаар зүйлийн 72.1-д ажил олгогч ажилтантай байршил, хугацааг тохиролцож дуудаж ажиллуулахад бэлэн байхаар хүлээлгэсэн хугацааг ажилласан цагт тооцно.
- 73 дугаар зүйлийн 73.1-д шөнийн цагаар ажилласан ажилтанг дараагийн ажлын өдөр нь шөнө ажилласан цагтай тэнцүү цагаар нөхөж амраана.
- 74 дүгээр зүйлийн 74.1-д ажил олгогч ажилтны хүсэлтээр түүнтэй тохиролцсоны дагуу ажлын цагийг богиносгож болно.
- 76 дугаар зүйлийн 76.1-д энэ хуулийн 69.2 дахь хэсэгт заасан ажлын өдрийн үргэлжлэлийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулсныг ажилтан илүү цагаар ажилласанд тооцно.
- 82 дугаар зүйлийн 82.1-д ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно.
- 82 дугаар зүйлийн 82.2-д хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн болон хамтын гэрээ, бусад дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэжээ.
Энэ мэт олон зүйл заалтыг эргэж харах, засч сайжруулах, шинэчлэх, хасах шаардлагатай байна. Мөн ажилтны эрхийг нэмэгдүүлсэн, нөхөн олговор, илүү цагийн нэмэгдэл, хувийн хүсэлтээр чөлөө авах, чөлөөний хугацаанд нөхөн олговор, цалин авах, ээлжийн амралтын хугацаа нэмэгдсэн зэргээр орсон өөрчлөлт нь ажил олгогч нарт халгаатай, ажил олгогч ажилтан хоёрын хооронд үл ойлгогдох урт хугацааны маргаан үүсэх, хөдөлмөрөөр хөгжлийг бүтээх бус халамжаар иргэдээ амраах бодлого болох эрсдэл үүсэхээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Түүнчлэн, хуулийн төсөлд утга найруулга, өгүүлбэр зүйн алдаатай, найруулгын хувьд тодотгол хийх зайлшгүй шаардлагатай заалт олон байна. Хамгийн эмзэглүүштэй нь ажил олгогчоос гаргах зардал огцом нэмэгдэж, ажил олгогчийг 24 зүйл заалтаар торгох шийтгэлүүд нь хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэж байна.
Монгол Улсын хөгжлийг урагшлуулж, ажлын байрыг бий болгодог ажил олгогчдыг ялгаварласан, халамжийн бодлогыг тусгасан хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэг, ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилд мянга мянган ажил олгогчдынхоо өмнөөс харамсаж буйгаа мэдэгдье.
Монгол Улсад ажил үйлчилгээ, үйлдвэрлэл явуулж буй олон мянган аж ахуйн нэгжүүд Хөдөлмөрийн тухай хуулиас гадна бусад олон хууль тогтоомж, журмаар ажил үйлчилгээний хатуу нөхцөлд, хавчлага, торгуулийн системд ажиллаж байгааг энэ дашрамд онцолъё.
Ийм нөхцөл байдалд дахин ажил олгогч нарт хатуурхсан, үйлдэл бүрт торгосон, халамжийн бодлогыг өөгшүүлсэн хууль хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн гарц биш билээ.Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсэг, УИХ энэ асуудалд онцгойлон анхаарч, зөв шийдлийг эргэн харна гэдэгт найдаж байна гэжээ.