Хөшөөтийн уурхай 800 мянга орчим тонн нүүрс экспортлосон байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-13 16:05:38

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг болон “Мо-Эн-Ко” ХХК хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулахтай холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.  

Тус хуралд аймгийн удирдлага, 2021-2024 онд хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулах ажлын багийн гишүүн, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд оролцсон юм. 

Энэ үеэр "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудал, шинэ гэрээнд тусгах зарим санал, талуудын байр суурь, бодлого чиглэлийн талаар албаныхан мэдээлэл хийлээ.

Хөшөөтийн уурхай нь 1700 орчим хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд 70 гаруй хувь нь Ховд аймгийн иргэд юм. Одоогоор 27 тээврийн компани гэрээгээр нүүрс тээвэрлэж буй. Улмаар өдөрт 100-120 орчим авто машинаар Булган боомтоор дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүний экспортын ачаа тээвэрлэлтийг хийж байгаа юм.

Тодруулбал, Хөшөөтийн уурхай нь өнгөрсөн 2019 онд 1.3 сая орчим тонн нүүрс экспортлосон. Харин 2020 онд коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан 800 мянга орчим тонн нүүрсийг экспортлосон дүн мэдээтэй байна.

Ахмад настнуудад хэрэгцээний нүүрсийг жил бүр үнэ төлбөргүй нийлүүлж буй

Ховд аймгийн дотоодын хэрэгцээнд 2019-2020 онд 36800 тонн бүхэл ба эрчим хүчний нунтаг нүүрс нийлүүлсэн байна. 

Мөн 2017-2020 онд Ховд аймгийн Жаргалант сумын иргэдэд 3940 тонн нүүрсийг хандивласан. Бас Цэцэг сумын Хөшөөт багийн ахмад настнуудад хэрэгцээний нүүрсийг жил бүр үнэ төлбөргүй нийлүүлж буй. Түүнчлэн “Мо-Эн-Ко” ХХК  нь 2017-2020 онд 74.7 тэрбум төгрөгийн татвар хураамж төлсөн. Үүнээс улсын төсөвт 68.5 тэрбум, Ховд аймгийн төсөвт 6.2 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төлсөн аж. Тодруулбал, Ховд аймгийн төсөвт 2020 онд гэхэд л нэг тэрбум төгрөгийн татварын орлого оруулсан байна. Мөн тус компаниас “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-гөө жил бүр сайжруулж байгаа бөгөөд 2020 онд 93.2 хувьтай хэрэгжсэн гэж албаны эх сурвалж танилцууллаа. Одоогийн байдлаар Ховд аймаг болон “Мо-Эн-Ко” ХХК хоорондын 2021-2024 онд хамтран ажиллах гэрээний төслийг боловсруулж байна.

Үүнтэй холбогдуулан шинээр байгуулах гэрээний заалтад өөрчлөлт оруулах, засварлах, иргэд олон нийт, бүх талын оролцоог хангах, тэдний саналыг нээлттэй хүлээн авах зорилгоор “Санал авах үйл ажиллагаа”-г хоёр удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Саналыг цахим ба бичгээр авч байгаа бөгөөд эхний удаад орон нутгийн иргэдийн зүээс 200 гаруй санал ирүүлсэн аж. 


Холбоотой мэдээ