“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг цахимаар нээлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг цахимаар нээлээ.
“Гамшигт тэсвэртэй орон нутаг” төсөл нь орон нутгийн иргэдийн амьжиргааг хамгаалах, хөдөө аж ахуйн салбарт гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадварыг бэхжүүлэх зорилготой бөгөөд 1.3 сая ам.долларын санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд хэрэгжинэ.
Төслийн хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт мал аж ахуйн салбарын чадавхыг нэмэгдүүлэх, бэлчээрийн менежмент, өрхийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, байгальд ээлтэй хариуцлагатай мал аж ахуй эрхлэхэд туслах юм.
Түүнчлэн малын халдварт өвчнийг эрт илрүүлэх, хянах, тандан
судлах чиглэлээр малын эмч, малчид, бусад
холбогдох мэргэжилтэнг сургах,
орон нутгийн мал эмнэлгийн тасгийн нөөц бололцоог сайжруулах аж.
Энэ үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг хамтын ажиллагаа харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
Төслийн цахим нээлтэд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл С.Клечески, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг болон төсөл хэрэгжүүлэх аймгийн удирдлага, холбогдох бусад албаныхан оролцлоо.