Баянгол дүүргийн голомтоос 6 хүнд халдвар илэрчээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-10 11:44:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд голомтын илрүүлэг шинжилгээг  18 584 хүнд хийхэд одоогоор 13262-ынх нь хариу гарснаас 6 хүнд халдвар илэрчээ.


Халдварын өвчлөл голомтолсон БГД-ийн 5, 6 дугаар хорооны 65, 12 дугаар байрны ойр харилцсан хүмүүсийн давтан шинжилгээнд илэрсэн бөгөөд бусад хүний шинжилгээ сөрөг гарсныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэрбээр, ”Коронавирусний халдвар гарсан “Мөнхада” ХК, “Ачтан” эмнэлэг энэ хүрээнд гэр бүл, орцны гэсэн 3-4 жижиг голомт байгааг идэвхтэй хянаж байна. БГД-ийн “Ачтан” эмнэлгийн ажилчдын сууц,  57, 65, 12, 43 дугаар байранд халдвар гарсан. Иргэд айлаар зочилж, хамт баяр тэмдэглэсэн өгүүлэмжтэй байгаа. Цаашид ингэж бөөгнөрөл үүсгэж, хэд гурваараа нийлэхгүй байхыг хүсье. Халдвар нь нэг гэр бүл, хэсэг бүлгээр нийлсэн хамт олон, ажлын газрынханд илүү тархаж байгаа. Иймд нэг дор олноор цуглахгүй байхад анхаарч амны хаалтаа байнга зүүж, гараа сайн угаах”-ыг дахин сануулав.

Холбоотой мэдээ