Коронавируст халдварын 21 тохиолдол бүртгэгдэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-10 11:04:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ХӨСҮТ-ийн мэдээлснээр, өчигдөр буюу 1 дүгээр сарын 9-нд коронавируст халдварын 21 тохиолдол бүртгэгдлээ.


ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ-ийн болон Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ 22 992 хүнд PCR-ийн шинжилгээ хийжээ. Халдвар илэрсэн 21 хүний нэг нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч, нөгөө нь ХӨСҮТ-ийн нэг сувилагч байв. 


 Бусад 19 тохиолдол нь шинээр үүсээд байгаа кластер голомтоос бүртгэгджээ. Үүнд БГД-ийн 6-р хорооны 65, 12-р байрны 8 хүний 2 дахь давтан шинжилгээнд мөн, “Мөнххада” ХК-ийн нэг ажилтан, гэр бүлийнх нь 4 хүн, “Ачтан” эмнэлгийн нэг ажилтан, гэр бүл болон ойр харилцсан хүнээс халдвар илэрчээ.


“Ачтан” эмнэлгийн гэр бүлийн хүн “Сонгдо” эмнэлэгт лабораторийн ажилтан байсан учир “Сонгдо” эмнэлгийн эмч ажилчид, зааланд үйлчлүүлж байсан 160 хүний шинжилгээ үргэлжлүүлэн хийж байгаа аж.


Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 409, Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 603 боллоо. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1429, үүнээс 62,7 хувь буюу 896 хүн эдгэрлээ. ХӨСҮТ-ийн Халдвартын Клиник, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 522 хүн батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд 2, хүнд 13, хөнгөвтөр 127, хөнгөн 380 хүн байгаа”-г ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв. .


Халдвартын клиникт 263 хүн эмчилж байгаагаас хөнгөн 189, хүндэвтэр 68, хүнд 5, маш хүнд нэг хүн байна.

Цэргийн төв эмнэлэгт 204 хүн эмчлүүлж буйгаас маш хүнд 1, хүнд 8, хүндэвтэр 59, хөнгөн 136 хүн бий. Энд хамгийн өндөр настан нь 101 мөн 86 настай хүн байгаа аж.

Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хөнгөн 7, ХУД-ийн 300 ортой эмнэлэгт 48 хүн ажиглалт тандалтад байна.


“Ачтан” эмнэлгийн голомт гэр бүлийн халдвар болж үргэлжилж байгаа бөгөөд батлагдсан 45 тохиолдлын 21 нь эрүүл мэндийн ажилтан юм. “Мөнхада” ХК-ийн 8 ажилчин, гэр бүлийнх нь 16 хүн халдвар авчээ. Хяналтад байгаа буюу халдвар авсан хүнтэй ойр харилцсан 1328 хүнээс 234 нь ажиглалт тандалтын хугацаа дуусаж, шинжилгээ сөрөг гарсан тул  гэрийн ажиглалтад гаргаад байна. 

Холбоотой мэдээ