ОПЕК-ийн гишүүн орнууд тохиролцоонд хүрч чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-06-03 12:04:18

ВЕНА. /NHK/. Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн орнуудын төлөөлөгчид түүхий нефть олборлолтын хэтийн төлвийн асуудлаар тохиролцоонд хүрч чадсангүй.

Төлөөлөгчид өчигдөр Вена хотноо уулзжээ. Тэд дэлхийн эдийн засгийн төлөв болон түүхий нефть олборлолтын байдлыг хэлэлцсэн байна.

Нефть олборлолтын квот болон олборлолтыг одоогийн түвшинд хэвээр байлгах уу, эсвэл нэмэгдүүлэх үү гэсэн асуудлаар гишүүн орнууд тохиролцоонд хүрч чадах эсэх нь ажиглагчдын анхаарлын төвд байсан юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон ОПЕК-ийн гишүүн орнуудын уулзалт болон энэ оны дөрөвдүгээр сард гишүүн бус улсуудын оролцоотой болсон уулзалтын үеэр эдгээр асуудлыг хэлэлцсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй билээ.

Олборлолтын нэгдсэн квот тогтоох саналыг пүрэв гарагт болсон уулзалтын үеэр Иран  улс эсэргүүцжээ. Барууны улсууд Иранд авсан хориг арга хэмжээгээ цуцалснаас хойш тус улсын нефтийн үйлдвэрлэл өссөөр байгаа юм. Улс орон бүрийн нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр гишүүн улс тус бүрийн онцлогт тохирсон зорилт дэвшүүлэхийг Иран уриалсан байна.

Нэгдсэн квот тогтоох, олборлолтыг хянах асуудлаар төлөөлөгчид дахиад л тохиролцоонд хүрч чадаагүй ажээ.

Ажиглагчдын үзэж байгаагаар, ОПЕК-ийн гишүүн орнуудын дунд үүссэн санал зөрөлдөөн нь аажмаар сэргэж буй нефтийн үнийг дахин тогтворгүй болгож магадгүй юм.

Г.Доржханд

 

 

 

 

Холбоотой мэдээ