УИХ- ын гишүүн ажлаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-03 11:51:44

УИХ- ын гишүүн Б. Наранхүү 2012- 2015 онд хийсэн ажлаа сонгогчиддоо тайлагнан өчигдөр орой Мандалговийн иргэдтэй уулзав.  Тэрээр уулзалтын тов бүхий урилга, ажлын тайлант сэтгүүлээ өрх бүрт урьдчилан хүргүүлсэн байна.

Гэхдээ энэ нь сонгуулийн сурталчилгааны материал биш. УИХ- ын гишүүний хувьд 2012 оноос хойш хийсэн ажлаа сонгогчиддоо тайлагнаж байгаа үйл ажиллагаа гэдгийг УИХ- ын гишүүн уулзалтын эхэнд тайлбарлав.

Тэрээр уулзалтын үеэр  онцлохдоо, 2008- 2011 онд Дундговь аймагт улсын төсвийн санхүүжилтээр хийсэн хөрөнгө оруулалт 18.1 тэрбум төгрөг байсан бол 2012- 2015 онд 16.7 дахин өсч, 302.6 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ бол олон улсын байгууллагын судалгааны дүнд гарсан үзүүлэлт гээд өнгөрсөн цаг хугацаа бол Дундговь аймгийн хувьд хамгийн хамгийн гэж тодотгохоор он жил байсан гэв. Өөрөөр хэлбэл сүүлийн гурван жилд  бүтээн байгуулалтын 57 ажил хийсэн бөгөөд энэ дундаас  урьд урьдынхаас  хамгийн олон цэцэрлэг, сургууль, эмнэлэг баригдсан. Энэ бол боловсрол, эрүүл мэндийн салбарынхны гавъяа хэмээн тэрээр тодотгов.

Түүний хувийн санхүүжилтээр зохион байгуулсан эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спортын салбар, залуу гэр бүл, хүүхэд, ахмадуудад чиглэсэн хүмүүнлэгийн ажлууд нь УИХ- ын гишүүн, Дундговь аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд хийсэн гол ажил болон тайланд дурьдагдаж байна.

Тухайлбал, Дундговь аймгаас тодорсон 3 сая дахь иргэний үе чацуутан Ц. Азбаяр хүүд хоёр өрөө орон сууц, улсын наадмын дэвжээнээс төрсөн Дундговь аймгийн хоёр начин А. Алтанхуяг, Э. Даш, Монгол Улсын гавъяат тамирчин С. Мияарагчаа, улсын баяр наадамд морь нь түрүүлсэн аймгийн алдарт уяач Д. Эрдэнэбулган нарт ланд крузер автомашин бэлэглэж,  сар шинийн баяраар аймгийнхаа 3400 гаруй ахмад настанд 25 кг гурил, 10 кг цагаан будаа, аймаг, улсын цолтой 60- аас дээш насны уяач, бөх, харваач нарт тус бүр нэг сая төгрөг гардуулсан. Мөн  ЕБС- ын 7700 гаруй сурагчид Apple компанийг үндэслэгч Стив Жобсын “Надтай хамт дэлхийг өөрчлөх үү” номыг, улсын болон хувийн 21 цэцэрлэгт тоглоом авахад нь зориулан тус бүр нэг сая төгрөгийг, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн үйлчилгээнд зориулан фургон автомашиныг тус тус бэлэглэжээ.

Улаанбаатар хотод Дундговь аймгийн уугуул иргэдийн дунд сар шинийн золголт, “Алтан угалз”,”Мөнгөн угалз” шинэ жилийн наадмыг уламжлал болгож, цагаан идээгээ Улаанбаатарын зах зээлд худалдаалах боломжийг малчдад олгох зорилгоор “Дундговийн цагаан идээ” үзэсгэлэн худалдааг Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулсан байна. Энэ мэтээр 30 шахам ажлыг өөрийн хөрөнгөөр санаачлан хийсэн гэлээ.

Түүнийг морь, бөхөд их хэмжээний хөрөнгө мөнгө цацдаг ч орон нутагт үлдэх дорвитой бүтээн байгуулалт хийдэггүй хэмээн иргэд шүүмжилдэг. Үүнд УИХ- ын гишүүн хариулахдаа, морь, бөхөөрөө дамжуулаад Монголчууд бид үндэсний өв соёл, уламжлалаа хадгалж яваа. Яаж ч шүүмжилсэн би уяач, бөхчүүдээ дэмжинэ. Даяаршиж буй энэ нийгэмд уламжлалаа хойч үедээ өвлүүлэн, монгол хэвээр нь хадгалан үлдэх хэрэгтэй гэж боддог хэмээв.

Түүний уулзалт өнөөдөр мөн аймгийн театр болох юм байна.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ