Цэндийн Дамдинсүрэнгийн бичгийн машин

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-01-07 16:21:39

Дорнод /МОНЦАМЭ/. Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гол бүтээлүүдээ туурвих үедээ энэхүү бичгийн машиныг хэрэглэж байжээ. Орос улсад үйлдвэрлэсэн, урд талдаа "Москва", ар талдаа "Модель-3" гэсэн бичигтэй энэхүү бичгийн машин нь хар өнгөтэй, кирилл үсгээр бичдэг. Өдгөө Дорнод аймгийн Музейд хадгалагдаж байна. 

БНМАУ-ын маршал Чойбалсангийн нэрэмжит гурван удаагийн шагналт, анхны Ардын уран зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, 20-р зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн Монголын түүхэнд оруулсан хувь нэмэр их бөгөөд орос, герман, англи, төвөд хэлний боловсролтой хүн байсан юм. Энэ нь түүнд гадаад, дотоодын утга зохиол хийгээд онол, түүхийн аль ч талаас нь судлах бололцоог олгосон гэж хэлж болох аж. Тэрээр 1946 онд "Зөвлөлтийн ард түмэнд зориулсан ерөөл" зохиосны төлөө, 1947 онд "Монголын нууц товчоо"-г орчин цагийн хэлнээ хөрвүүлсний төлөө, 1951 онд БНМАУ-ын "Төрийн дуулал"-ын үгийг зохиосон тул Төрийн шагналаар шагнуулж байжээ.

Холбоотой мэдээ