Жоржиа муж улсын сонгуульд Р.Варнок ялах төлөвтэй байна

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-01-06 16:35:44

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимын хоёр суудлын төлөөх сонгуулийн санал хураалт Жоржиа муж улсад боллоо. Саналын хуудсын 98 хувийг тоолсны дараах байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Рафаэль Варнок ялалт байгуулах төлөвтэй байна.


Энэхүү хоёр дахь шатны сонгуулиар Сенатын танхимд аль нам олонх болохыг шийдвэрлэх бөгөөд одоогоор бүгд найрамдахчууд олонхын суудал эзэлж байгаа юм. Өнгөрсөн 11 дүгээр сард болсон сонгуулиар Жоржиад нэр дэвшигчдийн хэн нь ч муж улсын хууль тогтоомжийн дагуу 50-иас дээш хувийн санал аваагүй тул ийнхүү сонгууль явуулж байна.


Бүгд найрамдах намаас Келли Лёффлер, Дэвид Пердью, Ардчилсан намаас Р.Варнок, Жон Оссофф нар өрсөлдөж байгаа юм. Р.Варнокийн хувьд лхагва гаргийн өглөө буюу зарим саналын хуудсыг тоолоогүй байхад К.Лёффлерийг ялсан гэдгээ мэдэгджээ.


АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдены Ардчилсан нам Сенатад олонх болохын тулд хоёр нэр дэвшигч хоёул ялалт байгуулах шаардлагатай бол Бүгд Найрамдах намын хувьд олонхын байр сууриа хадгалахад нэг суудлыг л авахад хангалттай юм. 

Холбоотой мэдээ