АНУ Монголд ногоон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд зориулж 3 сая ам.долларын дэмжлэг олгоно

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2020-12-28 19:32:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Талууд 2020 онд Монгол, Америкийн стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн чухал үйл явдлууд, түүний дотор улс төрийн, эдийн засгийн бодлогын зөвлөлдөх уулзалтууд амжилттай болсныг тэмдэглэв. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн Танхим хоёр орны хоорондын стратегийн түншлэлийн ач холбогдлыг тэмдэглэсэн тогтоол баталсан, мөн COVID-19 цар тахалтай тэмцэх, ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахад дэмжсэнд талархал илэрхийлэв.


​Элчин сайд М.Клечески АНУ-ын Олон улсын агентлагийн шугамаар Монгол Улсад ногоон хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхэд зориулж 3 сая ам.долларын дэмжлэг олгож байгааг мэдээлэв. Цаашид хоёр тал эдийн засгийн хамтын ажиллагаагаа нэмэх арга замыг эрэлхийлж ажиллах, Монголд хэрэгжүүлэх МСК-ын төслийн бэлтгэл ажлыг цаг хугацаанд нь хангаж, төслийг амжилттай эхлүүлэхийн чухлыг тэмдэглэв.  

Холбоотой мэдээ