2020 онд тохиосон сайн сайхан үйл явдлууд

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-12-28 16:19:49

ПАРИС. /France24/. Улиран одож буй 2020 он олон хүний хувьд таагүй дурсамж үлдээсэн жил боллоо. Гэсэн хэдий ч цар тахал дэгдэж, эдийн засаг хямарсан үед тохион баяр баясал авчирсан сайн сайхан үйл явдлуудыг "France24" агентлаг нэрлэжээ. 


COVID-19”-ийг зогсоох вакцин бүтээв

Шинэ коронавирусний халдварын тархалтыг зогсоохын тулд дэлхийн олон орны судлаачид вакцин гарган авах ажлыг яаравчлан эхлүүлж, үр дүнтэй вакциныг асар богино хугацаанд бүтээлээ. “COVID-19”-ийн вакцинжуулалт Европын Холбооны гишүүн орнууд, Их Британи, Канад, АНУ, ОХУ зэрэг оронд эхлээд байгаа бөгөөд эхний ээлжинд халдвар авах хамгийн эрсдэлтэй бүлгийг дархлаажуулж байна. Дэлхийн түүхэнд ямар ч вакциныг ийм хурдан хугацаанд гарган авч байгаагүй юм.


Хөл хорио тогтоосноор агаарын чанар сайжрав

2020 онд хүн төрөлхтөний дийлэнх нь урьд урьдныхаасаа цэвэр агаараар амьсгаллаа. Цар тахалтай тэмцэхийн тулд хөл хорио тогтоосноор эдийн засгийн тулгуур салбаруудын үйл ажиллагаа саарч зогссон явдал нь олон оронд агаарын бохирдол буурахад нөлөөлжээ. Хоёрдугаар сарын эхээр “NASA”-гийн нийтэлсэн гэрэл зургуудаас үзэхэд БНХАУ-ын Ухань хотын агаар дахь азотын давхар ислийн ялгарал үлэмж хэмжээгээр буурсан байв. Мөн НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн жил тутмын тайланд мэдээлснээр, 2020 онд аж үйлдвэрлэлийн ажиллагаа, эрчим хүчний үйлдвэрлэл, зорчих хөдөлгөөн багассанаар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал долоон хувиар буурсан байна.


Франц, Европт унадаг дугуйн хэрэглээ өсөв

Эрүүл мэндэд тустай, эх дэлхийд ээлтэй унадаг дугуйн хэрэглээ 2020 онд ихээхэн өслөө. Францад 2019 онд хотод ажилладаг 10 хүн тутмын дөрөв орчим нь ажил руугаа унадаг дугуйгаар явдаг гэж мэдээлж байв. Харин энэ оны эхээр тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой жагсаал цуглаан өрнөсөн нь францчуудыг ажилдаа ирж очиход хүндрэл учруулж, дараа нь цар тахал дэгдсэний улмаас бидний мэдэж байгаачлан олон өөрчлөлт гарсан. Үүнтэй холбоотойгоор том хотын оршин суугчид дугуйгаар зорчихыг илүүд үзэх болжээ. Дугуйчид, явган хүмүүст зориулсан “Strava” хэмээх ухаалаг гар утасны хавстралтын мэдээллээр, Францын томоохон хотуудын тодорхой чиглэлүүдээр дугуйгаар зорчдог хүний тоо 2020 онд 200 хувиар өсжээ.

Мөн энэхүү өсөлт Европын орнуудад ч ажиглагджээ. Тодруулбал, Нидерландад цар тахлын үеэр дугуйн борлуулалт огцом өссөн бөгөөд хөл хорио тогтоож эхлэх үеэр ариун цэврийн цаасыг ихээр худалдан авч байсантай харьцуулах хэмжээнд хүрчээ. Мөн Бельгид дугуйн хэрэглээ 69 хувиар өссөнийг “Google Maps” хавсралтын статистик харуулсан байна. Үүний зэрэгцээ Их Британийн нийслэл Лондон хотод дугуйн замыг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж тус хотын захирагч Садик Хан мэдэгдсэн нь дугуйн хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлжээ.


Африк тив полио вирусээс бүрэн ангижрав

Дэлхий нийт коронавирусний халдвараас үүдэлтэй хямралыг хэрхэн зохицуулахад анхаарлаа хандуулж байх зуур Африк тив полиомиелит буюу халдварт саа өвчнийг чимээгүйхэн ялан дийллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ Африк халдварт саа өвчнөөс ангижирсныг наймдугаар сарын 25-нд мэдэгджээ. “Африкт зэрлэг полио вирусний тархалтыг зогсоосон нь нийгмийн эрүүл мэндийн салбарт энэ цаг үед тохиосон агуу ололт амжилтуудын нэг боллоо” гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус мэдэгдсэн байна. Африкт жилд 75 мянган хүүхэд полио вирусээр үүсгэгддэг халдварт саагаар өвчилж байжээ.


Устаж үгүй болох аюул нүүрлэсэн амьтдын талаар сайн мэдээ дуулдав

Хятадын уламжлалт эмийн жагсаалтаас панголин гүрвэлийн хайрсыг хаслаа. Азид жилд 200 мянган толгой панголиныг ашигладаг гэх тооцоо байдаг ажээ. Мөн сүүлийн саруудад Хятадад амьтдаас хүнд халдварт өвчин дамжиж болзошгүйг харгалзан зэрлэг амьтдыг хоол хүнсэнд хориглох шийдвэрийг өргөтгөж байна. Африкийн хувьд Байгаль орчныг хамгаалах олон улсын холбоо Африкийн хар хирсний тоо толгой энэ онд найман жилийн өмнөхтэй харьцуулахад өсөлт үзүүлснийг гуравдугаар сарын 19-нд мэдээлжээ. Хар хирсний тоо толгой энэ онд 5630 болж нэмэгдсэн байна. Мөн Францад устах аюул нүүрлээд байсан янгир ямааны төрөл зүйл Принейн уулсын орчимд амжилттай нутагшуулж, тоо толгой нь 70 гаруйд хүрчээ.


Бразилын эмэгтэй хөлбөмбөгчид ижил цалин авах болов

“Хүйсийн ялгаа байхгүй боллоо” гэж Бразилын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн есдүгээр сарын 2-нд хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Ингэснээр Бразилын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тоглогчид эрэгтэй тоглогчидтой ижил хэмжээний шагналын мөнгө, цалин авахаар болжээ.


Хөл хорио урлагийн тоглолтын шинэ хэлбэр хөгжихөд нөлөөлөв

Цар тахлын улмаас дэлхий дахины олон уран бүтээлч цахимаар тоглолтоо хийлээ. Металлика, Кайли Миноуг, Бой Жорж тэргүүтэй алдартнууд нийгмийн сүлжээ хаягаараа дамжуулан шинэ тоглолтуудаа үзүүлж, нөхцөл байдал хэвийн болох үед тоглолтоо биечлэн үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Мөн М, Керен Анн, Кристин зэрэг Францын уран бүтээлчид шүтэн бишрэгчдэдээ цахим тоглолтоо үнэгүй толилуулсан байна. Үүнээс гадна хөл хорионы үеэр зарим алдартай дуучин шинэ уран бүтээлээ сонсогчдодоо хүргэжээ. Тухайлбал, АНУ-ын дуучин, хөгжмийн зохиолч Боб Дилан 17 минут үргэлжилдэг “Murder Most Foul” дуугаа гуравдугаар сард гаргасан юм. Тэрбээр сүүлийн найман жилийн турш шинэ дуу гаргаагүй байжээ. 

Холбоотой мэдээ