НҮБ Умард Солонгост зориулан 8 сая доллар төсөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-02 15:14:58

СӨҮЛ. /Yonhap/. Хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэхэд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа дэлхийн есөн улсын тоонд багтаж буй Умард Солонгост зориулан НҮБ-аас найман сая доллар хуваарилжээ.

Вашингтонд төвтэй “Radio Free Asia” мэдээллийн агентлагийн мэдэгдсэнээр, НҮБ-ын Онцгой байдлын үед зарцуулах нэгдсэн сангаар (CERF) дамжуулан Умард Солонгост уг тусламжийг өгсөн байна.

2016 оны эхний хагасын хугацаанд CERF-ийн хэрэгжүүлсэн хөтөлбөрийн талаарх тайлангаас үзвэл, тус сан Умард Солонгос, Мали, Бурунди болон Ливи зэрэг улсад энэ онд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд нийт 100 сая доллар төсөвлөжээ.

CERF нь хүмүүнлэгийн тусламж зайлшгүй шаардлагатай байгаа улсуудад  2006 оноос  тусламж үзүүлж эхэлсэн байна.

Умард Солонгос нь НҮБ-аас яаралтай тусламж авч байгаа Азийн цорын ганц улс ажээ.

НҮБ-ээс өгч байгаа санхүүжилтийг Умард Солонгосын 1.8 сая хүүхэд болон хүнс тэжээлийн дутагдалд орсон жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулан хоол тэжээлийн тусламж үзүүлэхэд зарцуулна.

Тус сан 2011 онд 15 сая, 2012 онд 12 сая, 2013 онд 15 сая, 2014 онд 6 сая, 2015 онд 8 сая долларыг Умард Солонгост тусламж болгон олгож байжээ.

Тус сангаас гадна Дэлхийн Хүнсний хөтөлбөр (WFP), Хүнс, хөдөө аж ахуйн хөтөлбөр (FAO), ДЭМБ (WHO) болон Хүүхдийн сан (UNICEF) зэрэг НҮБ-ын байгууллагууд Умард Солонгост тусламж үзүүлж байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ