Уул уурхайн салбарын 98 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-25 10:21:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Анх Налайхын уурхайг 1922 онд улсын мэдэлд авснаар Монгол Улсад орчин үеийн уул уурхайн салбар үүсэн хөгжиж 98 жилийн ойтой золгож байна. 

Манай уул уурхайн салбар эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж, экспортын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 гаруй хувь, ДНБ-ний 20 гаруй хувь, улсын төсвийн орлогын 25 хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байна. 

Энэ өдрийг тохиолдуулан УУХҮ-ийн сайд Г.Ёндон салбарынханд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ, "Дэлхий дахинаа нүүрлээд буй “COVID-19”-ийн цар тахлын хүнд үе түүний өмнөөс хүч сөрөн зогсох тэнхээтэй байгаа нь уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллаж буй мянга мянган ажилтан та бүгдийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шим билээ. 


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн үндсэн дөрвөн салбар хамаарч байна. Одоо бид өмнөө тавьсан зорилгоо үл умартан дэлхийн жишиг уул уурхайн салбарыг бүх шатанд хөгжүүлж, онцгой ач холбогдол бүхий орд газруудыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн эдийн засгийн үр өгөөжөө дээшлүүлэх ажилд ханцуй шамлан орж байна. 

Баялаг бүтээгч та бүхнийг эх орныхоо газрын хэвлийг хаягдалгүй бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хариуцлагаа өндөржүүлэн байгаль, орчноо хайрлан хамгаалж, дэлхийн чиг хандлагыг нутагшуулах зэргээр салбарынхаа хөгжлийг хурдасгаж, аж үйлдвэржсэн чинээлэг улс болохын төлөө хамтын хүчээр зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна" гэжээ. 


Холбоотой мэдээ