Обама: Сирийн асуудлаар ОХУ, Ирантай хамтран ажиллахад бэлэн

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2015-09-29 10:11:24

НЬЮ-ЙОРК. /ВВС/. Сирийн мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд манай улс ямар ч улстай, тэдгээрийн дотор, ОХУ болон Ирантай хамтран ажиллахад бэлэн байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэллээ. Түүний хэлснээр, Ерөнхийлөгч Башар Аль-Асадын удирдлаган дор Сирийн асуудал шийдэгдэхгүй.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганд Обама даваа гарагт үг хэлэхдээ ингэж мэдэгджээ.

Тэрбээр, “Сирид маш их цус урсаж, олон хүн амиа алдсаар байна. Ийм байхад дайнаас өмнөх байдал руу буцаж орох боломжгүй” гэжээ.

Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засаг захиргаанд ОХУ цэргийн тусламж дэмжлэг үзүүлсээр байгаа юм.

Засгийн газрын хүчнийхэн болон Оросын талыг баримтлагч салан тусгаарлах үзэлтнүүдийн хооронд үе үе байлдааны ажиллагаа болсоор байгаа Украины байдалтай холбогдуулан ОХУ-ыг Обама шүүмжилжээ.

Мөн маргаанаа энхийн замаар шийдвэрлэхийг Өмнөд Хятадын тэнгис дэх бүлэг арлыг нэхэмжилж буй БНХАУ болон бусад улсад АНУ-ын төрийн тэргүүн уриалжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд