Энэтхэгт агаарын бохирдлын улмаас 1.7 сая орчим хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-24 13:36:35

НЬЮ-ЙОРК. /Guardian/. Энэтхэг улсад өнгөрсөн онд бүртгэгдсэн нас баралтын нийт тохиолдлуудын 18 хувь нь буюу 1.7 сая хүн агаарын бохирдлын улмаас цаг бусаар хорвоог орхижээ.


“Lancet” сэтгүүлд нийтлэгдсэн тайланд дурдсанаар, агаарын бохирдол нь мөн уушгины хорт хавдар, зүрхний өвчин, тархины цус харвалт, чихрийн шижин, нярайн эмгэг, амьсгалын замын өвчнөөр шаналах тохиолдлыг нэмэгдүүлсний улмаас олон сая хүн амиа алдахад хүрдэг гэжээ.


Агаарын бохирдолтой холбоотой нас баралтын тохиолдол Энэтхэгт 2017 онд 1.24 саяд хүрч байснаас 2019 онд 1.67 сая болж нэмэгдсэн байна. 


Өвлийн улиралд Энэтхэгийн нийслэл Дели хотыг өтгөн утаа бүрхэж, хотын агаарын бохирдлын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хэвийн гэж үздэг хэмжээнээс 500 хувь илүү байдаг учир дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотод тооцогддог. Асуудал жил ирэх тусам даамжирч байгаа хэдий ч төв болон мужийн засгийн газрууд агаарын бохирдолд хяналт тавих дорвитой арга хэмжээг авч чадаагүй байна. 

Холбоотой мэдээ