“MH370”-ыг эрэн хайх ажиллагааг хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭКАНБЕРРА. /Xinhua/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH370” дугаарын нислэг үйлдэж яваад сураггүй болсон нисэх онгоцыг эрэн хайх ажиллагааг Энэтхэгийн далайд цаг агаарын байдал тааламжгүй байгаатай холбоотойгоор хойшлууллаа гэж Австралийн засгийн газрын дэргэдэх Хамтын үйл ажиллагааг зохицуулах төв мэдэгдлээ. Эрлийн ажиллагааг Австрали улс удирдаж байгаа юм.
Сураггүй болсон “Боинг-777”-г эрэн хайх ажиллагааг энэ сард дуусгахаар төлөвлөж байсан боловч цаг агаарын гэнэтийн таагүй байдлын улмаас далайн 120 мянган хав.дөр.км талбайг самнах эрлийн ажиллагааг хойшлуулжээ.
Одоогоор эрлийн бүсийн 105 мянга гаруй хав.дөр. км талбайд самналт хийгээд байна. Үлдсэн 15 мянган хав.дөр.км талбайд хийх ёстой ажиллагааг өвөл болж цаг агаарын байдал хүндрэхээс өмнө буюу наймдугаар сар гарахаас өмнө дуусгахаар төлөвлөж байна.
“MH370” нь Куала-Лумпураас Бээжингийн чиглэлийн олон улсын зорчигч тээврийн нислэг байсан юм. 239 зорчигч болон нисэх багийн гишүүдийг тээвэрлэж явсан тус нисэх онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-нд сураггүй болсон билээ.
Г.Доржханд