Төмөр замын байгууллага тусгаарлалтаас гарсан иргэдээ өөрсдийн зардлаар орон нутагт хүргэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-22 11:37:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн тусгаарлан ажиглах 17 байранд 1564, орон нутаг дахь 16 байранд 153 иргэн, нийт  1717 хүн улсын хэмжээнд тусгаарлагдаад байна.


УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “ЭМЯ, мэргэжлийн байгууллага хамтраад тусгаарлан ажиглах байранд ажиллах резидент эмч, онцгой байдлын байгууллагын ажилтнуудад сургалт зохион байгуулж, бэлтгэлээ хангасан. Шадар сайдын тушаалаар, тусгаарлан ажиглах байранд мөрдөх журмын дагуу халдвар хамгааллын дэглэм сахих, сахилга, дэг журам, аюулгүй байдалтай холбоотой сургалт хийдэг.  Тусгаарлан ажиглах байрны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, иргэдээс ирсэн санал гомдлыг тухай бүрт нь шийдэж байна" хэмээв.


Энэ сард Франкфурт болон Японоос 4 удаагийн нислэгээр Монгол Улсын 507 иргэнийг татан авч, тусгаарлаад байгаа. 


ХӨСҮТ-д эмчлүүлээд гарсан хүмүүсийг ХУД-ийн 300 ортой шинэ эмнэлэгт тусгаарласны дараа гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. Тэднийг олны дунд оруулахгүйгээр гэрт нь хүргэхэд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна. Тусгаарлалтад байгаа иргэдээс тээврийн зардлыг нь гаргуулж байгаа юм.


"Төмөр замын байгууллага тусгаарлалтаас гарч байгаа иргэдээ өөрсдийн зардлаар орон нутагт хүргэж байна. Мөн Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой комисс тусгаарлалтаас гарсан иргэдээ татан авч байгаа нь дэмжлэг болж байгаа"-г Б.Ууганбаяр онцоллоо. 

Холбоотой мэдээ