Төмөр замын ачаа тээвэр, аюулгүй ажиллагааны хариуцлага нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-21 16:16:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн халдвараас үүдэн хилийн боомтууд түр хугацаагаар хаагдсанаар УБТЗ-аар тээх ачаа тээвэр ихсэж, тэр хэрээр аюулгүй ажиллагааг хангах хариуцлага ч мөн  нэмэгджээ. Энэ үүргийг төмөр замын Техник үйлчилгээний газар хариуцан ажилладаг юм. 

Воган ашиглалтын депогийн тус газарт өнгөрсөн өдрийн орой 21.00 цагт очиход галт тэрэгний дугуйг тонших чимээ тасрахгүй байлаа. Жижигхэн төмөр алх барьсан залуус өвлийн хүйтний 30 хэмийг үл ажран ажиллаж байв. Тэднийг төмөр замд алхан "чагнууртан"-ууд гэдэг. 

Ажилд гарахын өмнө ХАБ-ын "Алтан дүрэм"-ийг сонсдог журамтай


"COVID-19"-ийн халдвараас үүдэн авто тээврээр тээх ачаа тээвэр төмөр замд шилжээд байна. Ингэснээр төмөр замын ачаа тээвэр нэмэгдсэн үзүүлэлттэй байгаагаас чингэлгийн тээвэр 14.995 воган болж, өнгөрсөн оныхоос 7 хувь, нүүрс тээвэр 65.756 воган болж, 11 хувиар тус тус өсжээ. 


Тэд өртөө, зангилаан дээрх галт тэрэгний цувааг үзэж шалган эвдрэл гэмтлийг ганцхан тогшилтоор тогтоон илрүүлэх, эд ангиас эхлээд тос тосолгоо зэрэг бүх зүйлийг үзэж галт тэрэгний аюулгүй, бүрэн бүтэн байдлыг урьдчилан мэдэж аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх нарийн ажлыг хийдэг, чухал үүрэг хүлээсэн хүмүүс юм.


УБТЗ ХНН-ийн Техник үйлчилгээний ээлжийн ахлах Ц.Мөнгөншагай хэлэхдээ, "Төмөр замд, галт тэргэнд нэг алдаа гаргах юм бол осол гарах эрсдэлтэй байдаг тул хамгийн сайн мэргэшсэн хянагч, засварчид ажилладаг. Манайд бүх юм мм-ээр хэмжигддэг, микроноор зөрөхөд л галт тэрэг явах боломжгүй болж зогсдог, их нарийн" гэдгийг онцолж байв. 


Хүнсний бараа, эмнэлгийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөөс аваад бүх төрлийн ачаа бараа тээх ачаалал ихэссэнээс өмнө нь өдөрт 20 вогантай галт тэргүүд өнгөрдөг "Улаанбаатар Өртөө"-гөөр өнөөдөр 50-60 вагон галт тэрэг өнгөрч, галт тэрэг болон воганы тоо нэмэгджээ. 



Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ