Аймаг, сумдын удирдлагууд отроор яваа малчдаа эргэлээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-21 17:37:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймаг, сумын удирдлагууд, УИХ-ын гишүүд хамтран Булган, Төв, Сэлэнгэ аймагт оторлож яваа малчдаа эргэж, нөхцөл байдалтай нь танилцаж явна.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж, ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжир тэргүүтэй албаны хүмүүс Булган аймгийн Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Бүрэгхангай, Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллаж, тухайн сумдын удирдлагуудтай уулзалт хийлээ. Мөн малчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсон эм тариа, нүүрсний дэмжлэг үзүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байгаа юм. Түүнчлэн сумдаас томилогдсон ажлын хэсэг малчдаа эргэж тойрохын хамт мал тооллогын ажлыг зохион байгуулж байна.

Өвөрхангай аймагт энэ жил 16398 малчин өрх 6 сая орчим мал өвөлжүүлж байгаагаас 2 мянгаад өрх 15 аймгийн 100 гаруй суманд отроор яваа. Булган аймгийн сумд бэлчээрийн өвс сайтай байгаа ч цас ихтэй, хүйтэн, мөн отрын малчдын адуу малыг мотоциклиор элдэж хөөснөөс болж тамирдах, өлдөх, адуугаа алдах асуудал гарч байгааг малчид хэлж байв. Ажлын хэсгийн зүгээс уг асуудлыг тухайн сумдын удирдлагуудад хэлж, Засгийн газрын шийдвэрийн дагуу оторчдод дарамт шахалт үзүүлэхгүй байхыг хүслээ.

Тэгвэл зарим сумын дарга нарын зүгээс аймгийн ажлын хэсэгт хандан малчдын дунд архидан согтуурах, үл ойлголцон маргалдаж зөрчилдөх, хог хаягдал малын сэг зэмээр орчноо бохирдуулах зэрэг хүндрэл, бэрхшээл байгааг хэлж, хүний нутаг гэсэн хүйтэн сэтгэлээр хандахгүй байх талаас нь малчдадаа хэлж ойлгуулахыг хүсч байсан юм.

Уулзалтын үеэр отрын малчдын төрөөс авах үйлчилгээ болон ая тухтай өвөлжиж, хаваржих талаар харилцан ойлголцолд хүрч, олон асуудлыг шийдвэрлээд байна.

 

Холбоотой мэдээ