Завхан аймгийн 385 малчин өрх гадна аймагт отроор өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-17 17:47:54

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд нийт 17 сумын 245032 толгой мал бүхий 385 өрх оторт явсан байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Эдгээр малчин өрхүүд аймаг дотроо болон Орхон, Булган, Төв, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор, Архангай аймагт отроор өвөлжиж байна. Тухайлбал Увс аймгийн Цагаанхайрхан, Зүүнхангай суманд Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул сумын 277 бод мал, 1837 бог мал өвөлжиж байна. Говь-Алтай аймгийн Жаргалан, Баян-Уул, Хөх-Морьт, Дарви,Тайшир суманд Алдархаан, Отгон, Шилүүстэй сумын 27 малчин өрх отроор өвөлжиж байна. Харин Архангай аймгаас 13000 толгой мал бүхий 10 малчин өрх Багахайрханы отрын бүс нутаг болон говийн сумдад отроор ирсэн байна.


Зарим суманд бэлчээрийн даац хэтрэх төлөвтэй байна


-“Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн гаргасан зураглалаар бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 75 хувьд хэвийн буюу сайн, 25 хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй гарсан.

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн судалгаагаар 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг бэлчээрийн ургац, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа, малын тоо зэрэг мэдээлэлд үндэслэн тодорхойлсон байна. Завхан аймгийн нийт бэлчээрийн 46 хувьд нь нөөцтэй, 25 хувьд нь хүрэлцээтэй гарчээ. Харин  25 хувьд нь бэлчээрийн даац нэгээс гурав дахин хэтэрсэн, гурван хувьд нь олон дахин хэтэрсэн үнэлгээ гарсан байна. Тиймээс аймгийн Засаг даргын А/158 дугаар захирамж гарч Улсын төсөв, аймгийн Засаг даргын нөөц сан, төсөл хөтөлбөр, хандивын 161.3 сая төгрөгийн хөрөнгөөр бэлчээр хамгаалах хаврын арга хэмжээг явуулсан. Ингэснээр Завхан аймгийн 21 сумын 84 багийн 100.8 мянган га бэлчээрийг хамгаалах ажлыг хийжээ.

Харин тус захирамжийн дагуу бэлчээр хамгаалах намрын арга хэмжээг өнгөрсөн 10 дугаар сард зохион байгуулж, 11 сумын 41 багийн 45.2 мянган га бэлчээрийн талбайг хамгаалах үлийн цагаан оготнын устгалыг хийсэн нь үр дүнгээ өгсөн. Тиймээс энэ жил бэлчээр ашиглалт харьцангуй сайн, газрын гарц сэргэсэн намар боллоо. Өнөөдрийн байдлаар өвөлжилт харьцангуй сайн байгаа. Гадна аймгаас ирж отроор өвөлжих малчдын тоо нэмэгдэх төлөвтэй. Учир нь газрын гарц сайн, зуншлага, намаржилт хэвийн байсан сумдад отроор өвөлжих малчид их байгаагаас зарим суманд бэлчээрийн хүрэлцээ муу байна. 2020 онд Улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ургамал, Завханмандал, Сантмаргаз, Түдэвтэй суманд инженерийн хийцтэй бэлчээрийн худаг дөрвийг гаргаж комисс хүлээн авчээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд мал, малчдын усан хангамж 90 гаруй хувьтай байна.  


Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлууд бүрэн хийсэн


Завхан аймаг малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1225.0 мянган мал хамруулахаас 1217.6 мянган мал хамрагдаж 99.4 хувийн гүйцэтгэлтэй байна.

-Аймгийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/323 тоот “Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг зохион байгуулах” захирамж гаргуулан 127 сая төгрөгийн вакциныг Биокомбинат улсын үйлдвэрийн газраас татан авч сумдад хүргүүлсэн. Үүний дагуу вакцинжуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэн зохион байгуулсан байна. Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд нийт 807,8 мянган төл мал хамруулахаас 783,1 мянган төл мал хамрагдаж 97.0 хувийн биелэлттэй байна. Харин мал сүргийг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэхээр угаалгад 2305,9 мянган мал, туулгалтад 1042,0 мянган малыг хамруулаад байна.

Малыг эрүүлжүүлэх арга хэмжээнд зарцуулсан хөрөнгө мөнгө дутуу хийгдсэн байгаа гэв

Аймгийн хэмжээнд Мал эмнэлгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд 1187,3 м2 талбай хамрагдаж 91,3 хувийн биелэлттэй байна.

Энэ оны малын ям, сүрьеэ, бруцеллёз өвчний түүвэр тандан шинжилгээнд 2,8 мянган мал хамрагдсан, биелэлт 94 хувьтай байна. Энэ онд малын халдварт өвчин аймгийн хэмжээнд гараагүй. Аймгийн хэмжээнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тарилга, туулга, угаалга вакцинжуулалтын ажлууд 90-ээс дээш хувьтай бүрэн хийсэн байгаа хэдий ч санхүүжилтийг бүрэн хийгээгүй байгаа. Тухайлбал энэ онд орон нутаг хариуцах халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний үйлчилгээний хөлсөнд 288.0 сая төгрөг батлагдсан байгаа. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 50.0 сая төгрөгийн санхүүжилт хийсэн. 238.0 сая төгрөгийн санхүүжилт хүлээгдэж мал эмнэлгийн нэгжүүдэд өртэй байгаа. Мөн орон нутаг хариуцах вакцин худалдан авах үнэд 125.0 сая төгрөг Биокомбинат Улсын төсөвт үйлдвэрийн газар руу шилжүүлэхээс 56.0 сая төгрөгийг шилжүүлж 69.0 сая төгрөгийн өртэй байна. Нийт өглөгийн хэмжээ 297.0 төгрөг шаардлагатай байна” гэж аймгийн ХХААГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ