Гэрийн ажиглалтад 3.4 мянган хүнийг шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-16 11:40:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 35 байр ажиллаж, энд 1169 хүнийг тусгаарлаад байгаа талаар ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээллээ.

Нийслэл Улаанбаатар хотод 17 тусгаарлах байранд 977, орон нутагт 18 тусгаарлах байранд 192 хүнийг тусгаарлан ажиглаж байна. Сүүлийн 24 цагийн 26 иргэнийг нэмж тусгаарлаад байна. 34 хүн тусгаарлалтаас гарч гэрийн ажиглалтад шилжжээ. 

Нийт 35 ажиглан тусгаарлах байранд онцгой байдлын байгууллагаас 48 алба хаагч, цагдаагийн 87 алба хаагч, эрүүл мэндийн байгууллагаас 96, нийт 231 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойших хугацаанд УОК-ын шуурхай штаб нь ХӨСҮТ-ийн заавар зөвлөмж болон албан ёсны албан тоот зөвшөөрлийг үндэслэн иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд, "Грийн зочид буудал", "Кентавр", "Амар", "Леон", "Альфа", "Туушин", "Боржигон" зэрэг зочид буудал, "Сод эра" болон Цэргийн төв эмнэлгээс 3436 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлснээс ихэнх иргэдийн ажиглалтын хугацаа нь дуусаж, өнөөдрийн байдлаар 228 иргэнийг гэрээр нь ажиглаж байна.


Өнгөрсөн сарын хугацаанд нийт 10148 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусаж хэвийн амьдралд шилжжээ. 


ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээллийнхээ төгсгөлд, энэ сард гадаад орнуудаас 700 гаруй иргэнийг тусгай үүргийн 4 удаагийн нислэгээр татан авах бэлтгэлийг хангасныг мэдэгдлээ. Энд тусгаарлах байруудын хуваарийг гаргаж 14 хоног тусгаарлах ажил бэлэн болжээ. Өнөөдөр энэ сарын эхний нислэг Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэж буйтай холбогдуулан тус чиглэлээр ирэх иргэдийг тусгаарлах байруудыг бэлэн болгожээ. 



Холбоотой мэдээ