Нүхэн өтөгийн хадны зураг 1.5 км орчим үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-14 13:16:46

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Манхан сумын нутаг, Хойт Сэнхэрийн агуйгаас хойт зүгт гурван км орчимд Сэнхэрийн голын хойд ам өгсөөд нэгэн бууц бий. Түүнийг нутгийн иргэд Нүхэн өтөг гэж нэрлэх ба хадны сийлмэл зургууд бий.  

Тодруулбал, Өтөгийн дээд талын хад болон доош үргэлжлэх жалгын зүүн талын наран ээвэр хаданд зурсан эртний зургууд дундаа бага зэрэг тасалдалтайгаар 1.5 км орчим үргэлжилнэ. Нүхэн өтөгийн хадны зургийг 1991 онд Ховд их сургуулийн түүхийн ангийн оюутны археологийн хээрийн дадлагын явцад илрүүлжээ.

Өтөгийн баруун талын элгэн хүрэн хаданд янгир ямаа, махчин амьтан, буга, үнэг, явж буй хүн, харайж байгаа хирсний дүрсийг хонхойлон цохиж сийлсэн байна. 

Эдгээр зургаас нэлээд зайтай хоёр жижиг янгир, үл мэдэгдэх амьтан, загварчилсан тэмээ, зогсож буй буга, гурван жижиг янгирыг хойш, урагш харуулан дүрсэлсэн аж.

Өөр нэгэн хадан дээр том эвэртэй бухыг дүрслэн, түүний доод талд үржлийг бэлгэдсэн тэмдэг цохисон нь нэлээд сонирхолтой гэж зарим судлаач тэмдэглэжээ. Учир нь энэхүү тэмдэг буюу зууван хонхрыг голдуу палеолитын үеийн хадны зурагт дүрсэлсэн байдаг.  

Мөн түүний доод талд маш том эвэртэй янгир, явж буй үхэр, нум сумтай ан хийж буй хүмүүс гэх мэт маш олон амьтны дүрс зураг бий. Эдгээр зургийг монголчуудын ан авын түүхийг нэхэн судлахад чухал баримт болгон ашиглах боломжтой гэж судлаачид үздэг. 

Хадны зурагт буга, янгирын зураг олон бий. Бугыг олон салаа эвэртэй загварчилсан байдлаар маш гоёмсог урлажээ. Энд дүрсэлсэн бугууд нь буган хөшөөнд сийлсэн дүрслэлтэй нэлээд төстэй байдаг аж. 

Бас морьтой хүн, мал тууж яваа хүн, бие биенийхээ өмнөөс нум сум харваж буй хүмүүс, тэмээ, чоно, бух, амаржиж байгаа эх хүнийг зурж сийлсэн байна. Үүнээс амаржиж буй эхийн зураг нь Архангай аймгийн Чулуут голын хадны зурагт дүрсэлсэнтэй адил байдаг нь судлаачдын сонирхлыг татаж буй.

Холбоотой мэдээ