Иргэн, ААН байгууллагууд QR технологийг үйл ажиллагаандаа мөрдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр аймаг, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн онцгой комиссоос санал болгосноор 34 чиглэлийн үйл ажиллагааг буюу такси, авто засвар, ресторан, кофе шоп, ахуйн хэрэглээний барааны салбар, нүдний шил засвар зэрэг аж ахуй нэгж, үйлчилгээний байгууллагын ажил үйлчилгээг үе шаттай нээж байна.
Улсын Онцгой комиссоос “COVID-19”-ын халдварын цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлд энэ сарын 14-нөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байгаа.
Үйл ажиллагааг нээсэн 34 салбарын байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатай нээгдэх салбарынхан болон иргэд олон нийтийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх, зорчилт хөдөлгөөнийг бүртгэх QR технологийг үйл ажиллагаандаа мөрдөнө. QR технологийг нийслэлд дор дурдсан хоёр шийдлээр ашиглана.
Үүнд: Нэгд. Иргэний цахим
үнэмлэхийн QR код. Иргэд албан ажлаар болон зайлшгүй шалтгаанаар гэрээсээ гарах
тохиолдолд иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай бөгөөд
гудамж талбайд хэв журам сахиулж буй цагдаа, хүчний байгууллага, мэргэжлийн
хяналтын албан хаагчид болон төрийн байгууллагуудын угтах үйлчилгээний
ажилтнуудад иргэний цахим иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан бүртгэл
хийлгэнэ.
Хоёрт. Аж, ахуйн нэгж,
байгууллагуудын QR код. www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр,
холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код
үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QR кодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар
утсандаа EBarimt аппликейшныг суулгаж аппликейшнруу ороход нэвтрэх хэсгийн
өмнөх цонхонд “COVID-19” гэсэн цэс харагдана. Тухайн цэсрүү орж QR код уншуулах
хэсэг гарч ирэхэд тухайн ААНБ-ын QR кодыг уншуулна. Ийнхүү QR кодыг уншуулснаар
тухайн байгууллагад коронавирусний халдвар гарсан эсэх, “Ковид-19”-ийн талаарх
мэдээлэл таны гар утсанд очих боломж бүрдэх юм. Харин “COVID-19” цэс
харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt аппликейшнаа
шинэчлэхийг зөвлөж байна.
QR код технологийг ашиглаж
байгаа гол зорилго нь төхөөрөмжийн тусламжтай кодыг уншуулснаар зайнаас тухайн
мэдээ, мэдээллийг маш богино хугацаанд авах, мэдээлэл солилцох, мэдээллийн
үнэн, зөв байдлыг шалгах, боломжийг олгох давуу талтай.
Иргэн та зорчиж буй
хөдөлгөөнөө QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний
явсан хаяг байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан
иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан
байж болзошгүй иргэдийг хялбар шуурхай шинжилгээнд хамруулах, халдварын
тархалтыг бууруулах ач холбогдолтой гэж Нийслэлийн мэдээлэл, технологийн
газраас мэдээллээ.