Ховд аймагт 30 орчим уулчин бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-12 12:01:31

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулс дунд оршдог. Тус аймагт уулын спортын олон улсын хэмжээний мастер нэг, спортын мастер долоо бий. Мөн мэргэжлийн уулчин, сонирхогч 20 гаруй хүн байна.  

Тэд Ховд аймгийн нутагт орших Сутай хайрхан, Цамбагарав, Мөнххайрхан, Хөх сэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг хэд хэдэн томоохон ууланд авиралт хийсэн түүхтэй. Өнөөдөр олон улсын “Уулын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Ховд нутгийн зарим уулын талаарх сонирхолтой мэдээллийг танилцуулж байна.  


Сутай хайрхан уул


Сутай хайрхан уул нь Говь-Алтай аймгийн Тонхил сум, Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутгийг дамнан оршдог. 

Ноён оргил “Цаст богд” нь далайн түвшнээс дээш 4234 метр өндөр. Сутай хайрхан уул нь 60 км сунаж тогтсоноороо онцлогтой. 2000 онд Сутай хайрханд уулчин авирч энэ өндрийг тогтоосон аж. 

Араараа хар модон ойтой, Монгол Алтайн нурууны 13 мөнх цаст уулын нэг юм. 

Сутай хайрханы өвөрт байх нэг бага шиг өндөрлөг дээр эрт үеэс тахиж ирсэн “Их овоо” бий. 2007 оны 7 дугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын 183 тоот зарлигаар Их овоог тахиж Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосон. 

Сутай хайрхан уулын мөнх цаст оргилоос олон гол эх авч урсдаг. Үүний дотроос хамгийн үзэсгэлэнтэй нь улиас, бургас, хар модон төгөл ойтой Цагаан голын уулзвараас эх авсан Мөрөнгийн голын хөндий юм. Уг хөндий нь 50 гаруй км үргэлжилж, Хөвхөрийн хойд үржил шимт хөрсийг усжуулан хадлан, тариалангийн арвин ургац бүхий нугыг тэтгэдэг.

Сутай хайрхан уулын тухай олон домог бий. Онцлоход, Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэг хэсэг болон Баатар хайрхан уулын зүүн талд урган тогтсон ажээ. Эрт цагт хүмүүс уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байсан. Үүнээс үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байв. Энэ нь он цагийн аясаар “Сутай” болон хувирчээ гэх домог бий. Мөн өөр нэгэн домогт, Сутай нутагт унааны ганц морьтой ирсэн харь хошууны нэгэн ард нутгийн олноос цөөн тооны хонь худалдан авч өсгөөд хот дүүрэн хоньтой болжээ. Энэ явдлаас үүдэн Сутай хайрханыг ерөөхдөө “Халзан цагаан хонин сүргийн өлзий хишиг дүүрэн Сүмбэр цагаан Алтай юм аа” гэж хэлдэг болжээ. Сутай уулын мөнх цагаан оргилыг нутгийнхан бум буман хонин сүргийн хишиг даллагатай уул хэмээн хүндэтгэн дээдэлж ирсэн түүхтэй.


Мөнххайрхан уул


Мөнххайрхан уулыг 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна. Хамгаалалтын захиргаа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд байрладаг.

Мөнххайрхан уул, түүний орчмын газар нутаг нь Баян-Өлгий аймгийн Булган сум, Ховд аймгийн Мөнххайрхан сумын хил залгаа нутгийг дамнан 40-80 километрийн өргөнтэйгөөр баруун хойноос зүүн урагш 200 гаруй километр үргэлжлэн оршдог. 

Мөнххайрхан уулын ноён оргил нь 4362 метр өндөр бөгөөд мөнх цас мөсөн гол бүхий Монголын хоёр дахь өндөр оргил болно. Мөнх цас, мөсөн гол нь 200-аад ам километр талбайг эзлэн оршино.

Монгол Алтайн нурууны мөсөн голуудын дундаж зузаан нь 56 метр байдаг. Тэгвэл Мөнххайрхан уулын мөсний зузаан нь 130 гаруй метр хүрч, тус орны гол мөрний нийлбэр урсацаас бараг хоёр дахин, газар доорх хөдөлгөөнт усны нөөцөөс тав дахин их цэвэр усны нөөц хадгалагдаж байгааг судлаачид тогтоосон аж. Булган, Сэнхэр, Үенч, Бодонч зэрэг томоохон голууд Мөнххайрхан нуруунаас эх аван урсдаг.

Мөнххайрхан уулын газар нутагт аргаль угалз, янгир, буга, ирвэс, Алтайн хойлог, ятуу, чоно, мануул, үен суусар, голын халиу, минж зэрэг ан амьтан нутаглана. Мөн Монгол Улсын "Улаан ном"-д орсон Тойрмын хонин гүрвэл ганцхан Мөнххайрхан уулын дэд мужид бий. Мөн ховорт тооцогддог ногоон бах, үхэрдэй, жунгаарын загас зөвхөн Булган голд байна. 

Энэ нутагт Сибирийн ой, Төв Азийн цөлийн ургамал оршихоос гадна баруун талаас Казакстан-Тураны, зүүнээс Дорнод Азийн ургамлын аймгийн төлөөлөл нэвтрэн орж иржээ. Ховд аймгийн Булган сумын нутаг дахь Залаа уул, Магнай уул, Баяндаваа орчмын Их онгог зэрэг газарт дэлхийд ховордсон, зөвхөн Ази тив, Монголд байдаг нэн ховор ургамал болох “залаархаг хавраг буюу чийр” ургадаг.

Вансэмбэрүү, таван салаа, хонин арц, алтан зул, жамъянмядаг, алтан гагнуур, юмдүүжин зэрэг эмийн ургамал ургана. Мөн шинэсэн ойн зурвастай бөгөөд нийт талбай нь 198 га хүрнэ. Голуудын татам дагуу шинэс, улаан хус, улиас, бургас, заган ой, харгана, чацаргана, сөөгөн шугуй, хайлаас, балгана ургасан байдаг аж.

Мөнххайрхан уулын орчимд Алтайн урианхайчууд оршин суудаг. Мөнхайрхан уулын орчимд түүх, соёл угсаатны байгалийн аялал, эрдэм шинжилгээ судалгаа, уулын спорт, ердийн хөсөг болон явган аялал зэргийг зохион байгуулахад тохиромжтой.


 Алтан хөхий уул


Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан оршино. Нийт 60 мянга орчим га талбайг эзэлнэ. Алтан Хөхий Өндөр Хөхий овоо 3350 метр өндөрт байдаг. Алтан Хөхий уулыг 250 орчим жилийн өмнөөс жил бүр тахиж ирсэн эртний тахилгат овоо юм.

Алтан Хөхийн уулс нь баруун ба өмнүүрээ Ховд голын үзэсгэлэнт өргөн хөндий, хойгуураа мөнх цаст Хархираагийн уулсын өмнүүр уул хоорондын уужим хөндий, зүүн болон урдуураа Их нууруудын хотгортой хил залган хөндөлсөнө. 

Бэлчээрийн ба энгийн ургамлын хосгүй их нөөц энд бий. Хөхий нутаг нь түүх дурсгалаар нэн баян. Норжин хайрханы палеолитын үеийн хадны зураг нь Буянт голын эрэгт орших өнчин толгойн баруун талыг эзлэн тогтсон том толигор ханан хаданд байдаг. Тэнд олон тооны амьтдын зургийг хонхойлгон цохиж цоолборложээ.

Эртний хүний урлал, амьдрал ахуйн түүхийг өгүүлдэг энэ зурагт адуу, буга, аргаль, янгир, чоно, үнэг, могой зэрэг амьтдын дүрс бий. Энэ дурсгал нь чулуун зэвсгийн үед хамаарагдана. 

Түүхийн эх сурвалжид Сартагтайн суваг 175 км урт үргэлжлэх бөгөөд энэ нь Цагаан толгойн хөдөөнөөс эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Манхан зэрэг сумын нутгийг дамжаад Хар-Ус нуурын баруун талаар орж, Манханы Тооройн цагаан элсэнд хүрч эхний ул мөр нь төгсөнө. Сувгийн гүн нь анх 20-30 метр гүн байсан байх гэж үздэг.  

Төрийн тахилга тайлахаас бусад үед гадаад, дотоодын иргэд төдийлөн очоод байдаггүй байжээ. Өөрөөр хэлбэл, дөрвөн улирлыг дамнан нүүдэллэх нутгийн малчдаас өөр хүний хөл хүрээгүй газар гэж хэлж болно. 

Нутгийн иргэд Алтан Хөхий уулыг 1761 оноос хойш өнөөг хүртэл жил бүр тахиж ирсэн хамгийн эртний тахилгат уулын нэг юм. 2005 оны 3 дугаар сарын 30-нд Ерөнхийлөгчийн 44 дүгээр зарлигийг гарган Алтан Хөхий уулыг төрийн тахилгатай уул болгожээ.

Алтанхөхий уул алс холоос сүр бараатай харагдана. Нохой гаслам халуунд ч Ханхөхий уулын орой цагаан малгай “өмссөн” мэт цастай байх нь гайхалтай гэж нутгийн иргэд ярив.

Тус хайрхныг Алтанхөхий хэмээн нэрлэсэн нь санаандгүй тохиолдол биш байж болох юм.

Түүх сөхвөөс Шадар ван домогт Чингүнжавтай энэ уул холбоотой. “Миний зүтгэлийг та нар залгамжилж, зорилгыг минь биелүүл. Мянгадуудаа аваад Тагна уулнаа суурьш” гэж захиад өөрийн албат мянгадуудад “Түмэн цэргийн туг”-аа харангын хамт өгч явуулсан юм гэдэг. Тэр ёсоор Мянгадууд Хотгойдоос оргон нүүж Алтан Хөхийн өвөр, Ховд голын Зүүн хөвөөг дагаж нутаглах болжээ. Мянгад угсаатнууд одоо Ховд аймгийн Мянгад суманд амьдарч буй. 


Цамбагарав уул


Ховд  аймгийн  Эрдэнэбүрэн,  Баян-Өлгий  аймгийн Алтанцөгц , Баяннуур сумдын  заагт  орших  Цамбагарав уулын 110960 га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан юм. Мөс судлалын ач холбогдолтой, ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилготойгоор хамгаалсан аж.

Цаст уул далайн түвшнээс дээш 4208 метрт өргөгдсөн, алсаас сүрлэг сайхан харагддаг мөнх цаст уулстай. Энд дэлхийд болон Монголд ховордсон амьтад байхаас гадна уулсынхаа араар армаг тармаг шинэсэн төгөл ойтой, тошлой, хад зэрэг жимс элбэгтэй байдаг. Үзэсгэлэнт тогтоц бүхий уулын ам, хавцал элбэг тааралдана.

Цамбагарав уул нь Монгол Алтайн нурууны нэг салшгүй хэсэг. Ноён оргил Цаст уул нь далайн түвшнээс дээш 4298.4 метр өргөгдсөн мөнх цаст уул юм. 

Цамбагаравын нуруу нь Их нууруудын хотгорын баруун хойд захад эргэн тойрон хотгор газар, голуудаар хүрээлэгдсэн Монгол Алтайн нурууны зэрэгцээ нуруудад багтдаг. 

Хур цас, мөс нь уулсын дээд хэсэгт ялгардаг. Судлаачдын тооцоолсноор, тус нутаг дэвсгэрт 187 тооны хур цас, мөс байгаагаас 98 хувь буюу 185 нь Монгол Алтай болон салбар нуруунд төвлөрчээ. Эдгээрээс хамгийн их нь Таван богд, Цаст уул, Мөнххайрханд төвлөрсөн бөгөөд Цамбагаравын нурууны мөнх цастай оргилууд нь 130 кв.км талбайг эзэлдэг.

Цамбагаравын нуруунаас эх авсан голууд нийлээд Ховд голд цутгадаг. Мөсдөлийн гаралтай цэвэр цэнгэг нуурууд болон олон тооны булаг шанд, рашаануудтай.

Цамбагаравын нурууг тусгай хамгаалалтад авснаар Монгол Алтайн мужийн мөнх цас, мөсний ландшафтыг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх боломж бүрдсэн байдаг. 2004 оноос хойш Цамбагарав уулын байгалийн цогцогборт газарт аяллаар ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.


Холбоотой мэдээ