БНХАУ-аас 1.7 тэрбум төгрөгийн лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-10 21:37:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад “COVID-19” халдвартай тэмцэхэд зориулж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас лабораторийн тоног төхөөрөмж болон оношлуур хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр цахимаар боллоо.


Нийт 4 сая юань буюу 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусний нуклейн хүчлийг ялгагч аппарат тус бүр 4 ширхгийг тэдгээрийн оношлуур, ялгагч багцын хамт хандивлаж байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хүлээлгэн өгөв. 


Тэрбээр хэлэхдээ, БНХАУ-ын Засгийн газраас шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн багц тусламжийг Монгол Улсад үзүүлж байгаа. Энэ удаа дөрөв дэх ээлжийн тусламжийг хүлээлгэн өгч байна" гээд Монгол Улсын Засгийн газраас “COVID-19” халдварын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцолсон юм. Мөн тэрбээр БНХАУ-д халдвар дэгдэх үед Монгол Улсын төр засаг, ард иргэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ 30 мянган толгой хонь бэлэглэсэнд Хятадын ард түмэн тун их баяртай байгаа гээд цаашид хамтын хүчээр цар тахлыг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Монгол Улсад халдвар голомтлон тархаж эхэлсэн амаргүй хүнд үед БНХАУ-ын Засгийн газраас “COVID-19” халдварыг илрүүлэх, баталгаажуулах гол шинжилгээний аппаратуудыг оношлуурын хамт иж бүрнээр хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийлж, энэхүү үйл ажиллагаа нь цаг үеэ олсон нэн чухал ажил болсныг онцлон тэмдэглэв. Тэрбээр COVID-19 халдвар тархаж эхэлсэн үеэс хоёр улс харилцан бие биедээ тусалж дэмжиж ирсэн бөгөөд энэ удаагийн тусламж нь эдгээр хандив тусламжийн томоохон хэсэг болохыг онцлоод дээрх оношилгооны аппаратуудыг ХӨСҮТ болон ЗӨСҮТ-д тус тус хүлээлгэн өгч одоогоор нийт 100 мянга гаруй хүнд шинжилгээ хийсэн болохыг мэдэгдлээ. 


Цахим ёслолын үеэр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Б.Дармаа, ЗӨСҮТ-ийн Лавлагаа лабораторийн вирус судлаач У.Өнөрсайхан нар оролцож, эдгээр иж бүрэн төхөөрөмж нь бүрэн автоматжуулсан тул гар ажиллагаанаас үүдсэн алдаанаас сэргийлэн шинжилгээний хурдыг нэмэгдүүлснээр лабораторийн чадавх эрс сайжирч  байгааг хэлэв.


Мөн энэ үеэр Элчин сайд Цай Вэньруй тус улсын Элчин сайдын яамнаас ХӨСҮТ-ийн эмч ажилтнуудад зориулж 500 мянган юанийн мөнгөн тусламж үзүүлж байгааг хүлээлгэн өгснөө мэдэгдэж, халдвартай тэмцэж байгаа бүх ажилтанд ажилд нь амжилт, эрүүл мэндийг хүсэн ерөөв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Энэ хүнд үед хөршийн сайхан сэтгэлээр бидэнд бодитой тусламж үзүүлж, мөн энэ вирустэй тэмцэхэд үлгэр жишээ туршлага болсон та бүхэнд маш их талархаж байна. Монгол Улс дотроо алдсан вирусний тархалтыг тогтоон барьж голомтыг бүрэн хумиж авна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Хичээж ажиллах болно" хэмээн  БНХАУ-ын ЭМЯ-ны хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.




Холбоотой мэдээ