Беларусийн Үндэсний олимпын хорооны удирдлагыг огцруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-08 10:35:24

МОСКВА. /TASS/. Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ гүйцэтгэх хороо даваа гарагт хоёр чухал шийдвэрийг гаргажээ.


Тодруулбал, 2024 оны зуны олимпын наадмыг Парист зохион байгуулах хөтөлбөрийг баталснаас гадна Беларусийн Үндэсний олимпын хорооны удирдлагад хориг тавьсан байна. Тус хорооны Ерөнхийлөгч нь Александр Лукашенко юм.


ОУОХ-ны гүйцэтгэх хороо 12 дугаар сарын 7-нд цахим хэлбэрээр хуралдаан хийжээ. Хурлын дараа ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах сэтгүүлчдийн асуултад хариулж, гурван асуудалд гол анхаарлаа хандуулжээ. Дээр дурдагдсан хоёр шийдвэрээс гадна олимпын наадмыг 2021 онд хойшлуулах бэлтгэл ажлын талаар Т.Бах мэдэгдэл хийсэн байна.


Коронавирусний цар тахал дэгдсэн хэдий ч Японы нийслэл Токио хотод олимпын наадмыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй буйгаа Т.Бах илэрхийлжээ. ОУОХ наадмыг зохион байгуулах хороо болон Японы эрх баригчидтай хамтран олимпыг бүрэн хэмжээнд зохион байгуулах дүрэм журмыг боловсруулж байгаа аж. Наадмыг зохион байгуулах хэлбэрийг эцсийн байдлаар хавар батлах юм. 


Спорт дахин улс төртэй хутгалджээ

Дараа нь ОУОХ-ны ерөнхийлөгч Беларусийн ҮОХ-ны удирдлагыг мөрдөн шалгах асуудалд анхаарал хандуулав. Наймдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Беларусийн тамирчид ОУОХ руу санал гомдлоо явуулах болсноос хойш энэ асуудал яригдаж эхэлжээ. ­Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар тамирчид үндэсний шигшээ багтаа байх, тэмцээн уралдаанд оролцох боломжоо алдаж байна хэмээн баримт бичигт дурдсан байна. 


ОУОХ энэ мэдээллийг хүлээн авч, судалж үзсэнийхээ дараа, Беларусийн Үндэсний олимпын хорооны удирдлагад түр хугацаанд хориг тавьжээ. Хориг ҮОХ-ны удирдлага ээлжит удаагаа сонгогдох хүртэл буюу 2021 оны 2 дугаар сар хүртэл хэрэгжих аж. Энэхүү шийдвэр нь тамирчдад хамааралгүй юм. Тухайлбал, тамирчдын олимпын наадмын үеэр улс орноо төлөөлөн оролцох эрх нээлттэй. 

Холбоотой мэдээ