Олимпын зөвлөлийн арга зүйчдийн цахим сургалт семинар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-04 08:11:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Олимпын зөвлөлийн арга зүйчдийн цахим сургалт семинар 12 дугаар сарын 2-3-нд болов.  


Энэхүү хэлэлцүүлэгт нийслэл болон аймгуудын Олимпын зөвлөлийн арга зүйчид оролцсон байна. Семинарыг  МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр нээж арга зүйчдэд ажлын амжилт хүссэн юм. Улмаар дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар Олимпын зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих бодлогын хүрээнд хийж буй ажлуудыг танилцуулав. Түүнчлэн МҮОХ-ны Олимпын боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж “Спорт-олимпизмын шинэ үе” төслийг танилцуулж өргөн мэдээлэл өгөв.


Мөн МУБИС-ийн доктор Б.Нармандах “Сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх ба хөдөлгөөний чадвар, дадалд сургах онол арга зүй” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Үүний дараа Герман-Монголын хамтарсан АФА академийн багш, Усан спортын ОУХМ Б.Дөлгөөн “Хувь хүний тогтвортой хөгжил” сэдвээр илтгэл тавьж, олимпын зөвлөлийн арга зүйчдэд танилцуулж, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүллээ.


Харин тус семинарын хоёр дахь өдөр олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны захирал Ц.Бат-Энх ирэх онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “GREEN GAMES-2021” наадмын ажлын явцыг танилцуулсан.


Мөн АШУҮИС-ийн багш, доктор Б.Буяндэлгэр олимпизмын үзэл санааны шинэлэг чиг хандлага сэдвээр илтгэл тавьсан юм. Түүний дараагаар арга зүйчид чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлсэн бөгөөд сургалтад оролцогчид сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Сургалтад олимпын зөвлөлийн арга зүйч нийт 28  хүн оролцсон байна.

Холбоотой мэдээ