Цар тахлын хариу арга хэмжээнд Японоос 25 тэрбум иений зээл олгоно

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-03 13:15:26
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын COVID-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлав.


Төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахимаар танилцуулав. Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болж, төсвийн зарлагыг санхүүжүүлэхэд зарцуулна. Энэ хүрээнд нийт 25.0 тэрбум иений /ойролцоогоор 233.0 сая ам.доллар/ яаралтай тусламжийн санхүүжилтийг олгох ба зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь, санхүүжилтийг ашиглах хугацаа нэг жил байна гэж Сангийн сайд танилцууллаа. 


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаар эл хэлэлцээрийг хэлэлцэж, чуулганы хуралдаанаар батуулахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Т.Доржханд, Б.Жавхлан, Х.Болорчулуун, Ц.Туваан, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Н.Энхболд, Ч.Ундрам, Б.Баярсайхан, Д.Цогтбаатар, Ж.Сүхбаатар, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням нар асуулт асууж тодруулав.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариулахдаа, Энэхүү зээлийг зөвхөн COVID-19 цар тахлын хариу арга хэмжээнд зарцуулна гэдгийг тодотгов. Тухайлбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл хэрэгжсэн аж ахуйн нэгжүүдийг НДШ-ээс чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас чөлөөлөх, хувийн хэвшлийн ажилтны цалин хөлснөөс авах НДШ-ийг чөлөөлөх, хүүхдийн мөнгө олгох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлсэн, үүнд санхүүжүүлнэ гэлээ. Цаашдаа хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох зэрэг COVID-19 цар тахалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг хөнгөвчлөх чиглэлд авах зээл гэдгийг тайлбарлав. 


УИХ-ын гишүүн Ц.Туваан, цар тахлын үед орлогогүй болсон аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах, эсвэл эрүүл мэндийн салбар, орлого олдог хөдөө аж ахуйн салбар зэрэгт энэ мөнгийг олгох хэрэгтэй, төсвийн алдагдлыг нөхөхөд хайран санагдаж байна гэв. Тэрбээр, энэ зээл нь 700 орчим тэрбум төгрөг бөгөөд 900 мянган өрхөд хуваахад нэг өрхөд 800 мянган төгрөг оногдохоор байгааг дурдав. УИХ-аас хавар баталсан цар тахлын хуулийн 7.1.2-т Засгийн газраас цар тахлын үед иргэдийн орлого хамгаалах, ажлын байр хадгалах, эдийн засгийг дэмжих заалт байгаа. Мөн хуулийн 7.1.5-д цар тахлын үед хорио цээр, хязгаарлалтаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгж байгууллага, цалин орлого тасалдсан иргэдэд дэмжлэг болгоно гэж заасан, уг хуулийг бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн санал хэлэв. Тэрбээр, "Ерөнхий сайд мөнгө нь байвал иргэддээ харамлахгүй гэж хэлсэн. Дөрөвдүгээр сараас 10 дугаар сар хүртэл цар тахал дотоодод дэгдээгүй байсан. Одоо нөхцөл байдал өөр болсон. Бүтэн нэг сар хүмүүс хатуу хөл хорионд байгаа. Тиймээс сарын хугацаанд орлогогүй байгаа хүмүүст энэ зээлийн хөрөнгийг зарцуулах хэрэгтэй" хэмээв. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Энэ зээлийг Засгийн газар тавдугаар сараас хөөцөлдсөн. Ингэхдээ хяналт шинжилгээ, үнэлгээний хамрах хүрээг тохиролцсон. Үүнд санхүүжүүлж болох найман арга хэмжээг санхүүжүүлэхээр тухайн үед тохирсон байгаа. Тухайлбал, дөрөвдүгээр сараас 10 дугаар сар хүртэл НДШ чөлөөлөх, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөөд байсан" хэмээн хариулав. 


Гишүүд мөн Монгол Улсын өрийн таазын асуудлаар тодруулж байв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбарласнаар, "2016 онд Монгол Улсын Засгийн газрын гадаад өрийн ДНБ-нд эзлэх хэмжээ 78.8 хувь байсан. 2020 оны есдүгээр сарын байдлаар, 57.2 хувь буюу 21.6 функтээр буурсан. Энэ нь төсөвт учруулах дарамтыг багасгасан" гэдгийг онцлов. Хуульд, өрийн таазыг ДНБ-ий 70 хувь байхаар 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд тусгасан гэдгийг тэмдэглэв. 


УИХ-ын гишүүн Т.Доржханд, Японы Засгийн газраас бага хүүтэй, урт хугацааны зээл авах дээрх төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, үүнтэй ижил олон эх үүсвэр татах чиглэлээр Сангийн яам ажиллах хэрэгтэй гэсэн санал хэлж байв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-д зээлийн асуудлаар ажлын баг гаргаж нягтлах хэрэгтэй гэсэн санал хэлэв. Тэрбээр, "Гадаад зээл төлөхөд манай улс зөвхөн нүүрснээс хамааралтай байна. Энэ жилийн хувьд, алтны үнэ өндөр байгаагаас гадаад төлбөрт санаа зовохгүй байна. Нүүрсэнд ямар нэгэн хүндрэл гарвал гадаад зээлийн төлбөрийн асуудалд хүндрэл гарна. Тиймээс зээлийн асуудалд УИХ, Засгийн газар бүх түвшинд анхаарах хэрэгтэй" гэсэн санал хэллээ. 


Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа зээлийн хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцосн 69 гишүүний 44 нь буюу 63.8 хувь нь дэмжлээ. Ингээд УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завларлав.

Холбоотой мэдээ