Нийслэл зөвхөн цахим албан бичиг хүлээн авна

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2020-12-03 10:29:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, биечилсэн харилцааг багасгах зорилгоор нийслэлийн бүх шатны байгууллагууд нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудтай 100 хувь цахим хэлбэрээр албан бичиг солилцох нөхцөлийг бүрдүүлж, Цахим албан бичгийн https://smartoffice.mn/ системийг нэвтрүүлэх, хэрэглээг идэвхжүүлэх ажил хийгдэж байна.


Уг ажлыг хэрэгжүүлснээр цаашид цаасаар албан бичиг хүлээн авахыг бүрэн зогсоох юм. Энэхүү харилцааг Төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрээр шилжүүлэх, дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулсан “Цахим гарын үсгийн тухай” хуулийн хүрээнд хэрэгжүүлэх  бөгөөд тоон гарын үсэггүй аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан “Түр бүртгэл (Ковид-19)” үйлчилгээг системийн хөгжүүлэгч болон Нийслэлийн Архивын газартай хамтран хэрэгжүүлэхээр системийн бэлтгэл ажлыг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хийж байна.


Уг “Түр бүртгэл (Ковид-19)” үйлчилгээг ашиглан тоон гарын үсгээ хараахан авч амжаагүй аж ахуйн нэгж байгууллагууд систем ашиглах түр хугацааны эрх авч, төрийн байгууллага болон системийн хэрэглэгч нийт байгууллагуудад албан бичгээ цахимаар илгээж, хариу авах боломжтой юм.


Түүнээс гадна уг системээр албан бичиг солилцох аж ахуйн нэгж байгууллагуудын албан бичигт “Албан хэрэг хөтлөлтийн MNS:5140 стандарт”-ыг хангасан байх шаардлага тавигдах юм. Хэрэв албан бичиг нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд төрийн байгууллагаас албан бичгийг буцаах эрхтэй байна.


Түр эрхтэй хэрэглэгчид нь 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор Тоон гарын үсгээ гэрчилгээ олгогч байгууллагаас авч, бүртгэлээ заавал баталгаажуулах шаардлагатай юм байна


Одоогийн байдлаар тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Тридүм И-Секьюрити” ХХК, ”Монпасс Са” ХХК, “Ви Эс Эм” ХХК, “Нью компас” ХХК зэрэг байгууллагууд тоон гарын үсгийн гэрчилгээ олгож байна гэж Нийслэлийн мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.


Тоон гарын үсэг олгогч байгууллагуудын мэдээлэл: 


Тридум кей ХХК  Утас: 7012-0722


Монпасс Са ХХК  Утас: 1800-2535


Ньюкомпасс ХХК  Утас: 7011-9190, 9901-8525, 9111-1104


ВиЭсЭм СА ХХК  Утас: 7600-1617

Холбоотой мэдээ