УИХ дахь АН-ын бүлгээс УОК-т зөвлөмж хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-02 15:00:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгээс коронавирусний цар тахлын үед төрөөс хэрэгжүүлж буй бодлогод тусгах зөвлөмж боловсруулжээ. Тус бүлгийн дарга Д.Ганбат, дэд дарга Н.Ганибал нар дээрх зөвлөмжийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарт өнөөдөр гардуулав.


Зөвлөмжид, хот суурин газарт эмзэг бүлгийн айл өрхүүдийг түлшээр үнэ төлбөргүй хангах, хот хооронд зорчих иргэдийн шинжилгээ, хяналтад улсын болон орон нутгийн Онцгой комисс уялдаатай ажиллах шаардлагатай байгааг тусгасан байна. Мөн цар тахлын голомт, эрсдэлтэй бүст ажиллагсдыг халдварт өртөхөөс сэргийлэх, экспортын гол түүхий эдийн олборлолт, тээвэрлэлт, тэнд ажиллаж буй ажилтан, жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах тусгайлсан бодлого хэрэгжүүлэх зэргийг тусгасан байна.


Түүнчлэн олон улсад ашиглаж буй дэвшилтэт технологи ашиглан халдварын голомттой бүсийн иргэдийн хөдөлгөөнийг хянах, гаднын зээл, тусламжийн зарцуулалтын тайланг хялбар байдлаар оруулдаг байх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх зэргийг зөвлөмжид тусгажээ.

Холбоотой мэдээ