Коронавирусний шинжилгээний хариу иргэдийн гар утсанд мессежээр ирнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-12-02 12:19:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутагт зорчиж буй иргэдийн гар утсанд коронавирусний шинжилгээний хариуг мессежээр өгөхөөр болжээ.


Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэхдээ, “Иргэдийг орон нутагт хүндрэлгүй, чирэгдэлгүй явуулах чиглэлээр Шадар сайдын дэргэдэх ажлын баг хуралдлаа. Үүний үндсэн дээр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны компаниудын захирлууд, нийслэлийн Мэдээлэл харилцаа холбооны технологийн газартай хамтран иргэдийн гар утсанд шинжилгээний хариуг мессежээр өгөхөөр шийдвэрлэсэн. Өчигдөр оройноос эхлэн дөрвөн үүрэн телефоны операторуудтай хамтран “Таны шинжилгээний хариу гарлаа” гэсэн мэдээллийг мессежээр өгч эхэлсэн" гэв. 


Харин иргэд орон нутаг руу нийтийн тээврийн унаа болон хувийн тээврийн хэрэгслээр зорчихдоо энэхүү мессежийг иргэний үнэмлэхийн хамт заавал авч явах шаардлагатай аж. Иргэний үнэмлэхийн QR кодод мэдээллийг оруулаад Цагдаагийн болон хяналтын байгууллагын ажилтнууд энэхүү мэдээллийг тулгасны дагуу орон нутагт зорчуулахаар болжээ.

Холбоотой мэдээ