Т.Бадрал: Сүүлийн зургаан жилд Монгол, Хятадын худалдааны хэмжээ дөрөв дахин өссөн

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2020-12-01 17:21:51

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай цаг үеийн болон бусад асуудлаар ярилцлаа.

 

            -Энэ оны хувьд, дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдсэн хүнд хэцүү, онцлогтой жил тохиож байна. Манай өмнөд хөршид цар тахлын дэгдэлт огцом нэмэгдсэн хүнд цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга албан ёсны айлчлал хийж, Хятадын ард түмэнд 30 мянган толгой хонь хандивласан түүхэн үйл явдал болсон. Энэ айлчлалд биечлэн оролцсон хүний хувьд, тус айлчлалын ач холбогдлыг хэрхэн үзэж байгаагаас тань ярилцлагаа эхэлмээр байна?

             -Цар тахал ерөнхийдөө бүртгэгдээд эхэлчихсэн хүнд цаг үе байсан. Дэлхий нийт ямар өвчинтэй тулгарч байгаагаа ч сайн мэдэхгүй, ойлголтгүй шахуу байв. Ер нь бол, урьд нь цар тахал гарч байсан тохиолдлууд бий. Тухайлбал, зуу гаруй жилийн өмнө гарч байсан испани цар тахал байна. Ази, Зүүн өмнөд Азийн орнуудыг хамарсан 2003 оны “SARS”, 2009-2010 онд Мексикээс гаралтай H1N1 цар тахал гарч байв. 

        Шинэ өвчинтэй тулгарчихаад, дэлхий нийтээрээ сандарсан байдалтай, ерөнхийдөө ойлгомжгүй нөхцөл байдал руу орчихсон байсан. БНХАУ-аас эхэлсэн гэж байгаа боловч тухайн үед эмч нар уг вирусийг яг юунаас үүссэн, ямар халдвар гэдгийг мэдэхгүй байлаа. БНХАУ энэ өвчнийг дотооддоо барих, халдварын дэгдэлтийг зогсоох, хязгаарлах  бүх арга хэмжээг авч байсан ийм цаг үе байсан л даа. Түүнчлэн Хятадын “Хаврын баяр”-тай энэ өвчин давхацсан учраас халдвар нэлээд өргөн хэмжээнд тархсан. Гэхдээ Хятадын талаас богино хугацаанд хязгаарлах арга хэмжээ авч, бүх нийтийн хөл хориог тогтоож байсан ийм хүнд цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны 2-р сарын 27-ны өдөр БНХАУ-д айлчилсан.

        Айлчлалын гол зорилго нь, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж буй мөнхийн хоёр хөрш орныхоо хүнд цаг үед нь Монгол Улсын ерөнхийлөгч Монголын ард түмний илэрхийлэл болж айлчлан хүнд цаг үед Монголын ард түмэн болон Монгол Улс та бүхэнтэй хамт шүү гэдэг санааг илэрхийлэх, хоёрдугаарт хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэх явдал байсан.

        Айлчлалын үед Монгол Улс “Юугаар баян түүгээрээ дайл” гэдэг шиг 30 мянган толгой хониор туслахаа албан ёсоор зарласан. Энэ айлчлал нь олон улсын нөхцөл байдал хүнд үед дэлхийн бусад улс орноос хамгийн түрүүнд, хамгийн хүнд үед нь төрийн тэргүүний түвшинд айлчилсан тохиолдол байсан. Миний хувьд энэ айлчлалын бүрэлдэхүүнд орж ажилласан. Хэдийгээр хагас өдрийн айлчлал байсан ч ерөнхийдөө хоёр хөрш орон хүнд цаг үед хамтарч ажиллаж болдог юм шүү, нэг нэгэндээ сэтгэлийн дэм үзүүлж чаддаг юм шүү гэдгийг л дэлхий нийтэд харуулсан дипломат үйл ажиллагааны нэг хэсэг байсан гэж үзэж байна.

         -Цар тахлын онцгой дэглэм тогтоосон хүнд цаг үед хоёр орон өндөр дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалж чадаж байгаа нь хоёр тал харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч буйг харуулж байгаа хэрэг болов уу. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн энэ оны 9-р сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын ач холбогдол, хэлэлцсэн асуудал, үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?

 -Ерөнхийлөгчийн айлчлалаас хойш хоёр талын хамтын ажиллагаа тасралтгүй явагдаж ирсэн. Монгол Улс саяхныг хүртэл буюу 11-р сарын 10-ныг хүртэл дотоодын халдвар тархаагүй байсан. Өөрөөр хэлбэл, 10 сар гаруйн турш дотооддоо хяналтыг бүрэн барьж чадсан. Энэ өвчин өөрөө шинэ байсан учраас өвчний дэгдэлт, танилцуулга мэдээлэл, хэрхэн эмчилж, таслан зогсоож байгаа талаарх мэдээлэл нь манай урд хөршид туршлага болоод тогтчихсон байсан. Манай цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, хязгаарлах, илрүүлэх, тогтоох гээд энэ бүх үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмэн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлж байсан. Ялангуяа халдвар хамгааллын хувцас, ариутгалын бодис, оношлох, эмчлэх тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн тусламж, дэмжлэгийг өнгөрсөн цаг хугацаанд БНХАУ-ын талаас үзүүлсэн.

Нэг жилд хоёр удаа өндөр хэмжээний айлчлалыг зохион байгуулна гэдэг бол их боломж л доо. Хэдийгээр цар тахал маань сөрөг үр дагаврыг дагуулж байгаа ч нөгөө талаасаа улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг улам ойртуулж өгөх боломж, эерэг талыг бий болгож өгч байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ноён Ван И Монгол Улсад хоёр өдрийн айлчлал хийсэн.

Энэ айлчлалын хүрээнд хэд хэдэн асуудлыг ярилцаж, шийдвэрлэсний нэг нь цар тахлын үед хоёр орон хэрхэн хамтарч ажиллах, ямар стратеги баримтлахыг ярилцаж тохиролцсон. Дараагийн асуудал нь Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулсан. Өөрчлөлтийн хүрээнд, хоёр улс төмөр замын гурван боомтоор холбогдох боломж, нөхцөл бүрдсэн. Мөн Хятадын ард түмнээс Монголын ард түмэнд эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд 700 сая юанийн  буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан. ГХЯ хооронд 2021-2022 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталсан. Үүнээс гадна махны экспортын асуудал, гурил экспортлох үеийн хяналт, хорио цээрийн шаардлагын тухай протоколд гарын үсэг зурсан. Монгол Улсаас БНХАУ-д экспортолж буй бараа бүтээгдэхүүний ихэнх нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Энэ нь Монгол Улсаас БНХАУ-д экспортлох бараа бүтээгдэхүүнүүдийн тоо, төрлийг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байгаа гэдгийг онцлон тэмдэглэе.

 -Та үүрэгт ажилдаа ороод тодорхой хугацаа өнгөрч байна. Анх ажлаа хүлээж аваад ажил байдалтайгаа танилцахад хамгийн түрүүнд юуг олж харж, сайжруулах шаардлагатай гэж бодогдов. Ажлаа юунаас эхлүүлж байна вэ?

 -Миний бие анх удаа дипломат албанд томилогдож байна. Үүнээс өмнө онцгой байдлын салбарт ажиллаж байсан. Мэдээж хэрэг дипломат албанд ажиллах хүнийхээ хувьд суралцах асуудал маш их байсан. Дипломат албанд ажиллах эхний томилгоо нь Хятад улсаас эхэлж байгаа нь зарим талаараа онцлогтой болж байна. Би ирээд ажил байдалтайгаа танилцаад ЭСЯ-ны хамт олонтойгоо уулзахад, энд ажиллаж буй манай албан хаагчдын хувьд асуудал алга, бүгд мэргэжлийн түвшний хүмүүс байна. Элчин сайдын хувьд, ЭСЯ-ны ажилтнуудынхаа нийгмийн баталгааг сайжруулах шаардлага байгаа юм байна гэж харсан. Энэ чиглэлээр бид тодорхой арга хэмжээнүүдээ авч хэрэгжүүлээд эхэлчихсэн явж байна. Ирэх 2021 оны улсын төсөвт ЭСЯ-ны барилга байгууламжийн засвартай холбоотой, үйл ажиллагааг эрчимжүүлэх, соёл сурталчилгаа, улс орноо сурталчлах чиглэлээр тодорхой хэмжээний төсвийг нэмж тусгуулах зайлшгүй шаардлага байгаа. Энэ чиглэлийн ажил хийгдээд буюу холбогдох яам, тамгын газар, ГХЯ-ндаа уламжлаад, УИХ-д танилцуулаад шийдэгдээд явж байна. Үйл ажиллагааны хувьд дипломат ажилтнуудын ажлын ачаалал янз бүр байна. Зарим ажилтан ажлын ачаалал их, зарим нь харьцангуй хөнгөн байдаг юм байна. Тиймээс ЭСЯ-ны ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зохион байгуулалтын ажлыг эхлүүлэхээр зөвлөхүүдтэйгээ ярилцаад, тодорхой хувиарлалтуудыг өөрчилж, 2021 оны үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна.

 -Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг Та хэрхэн дүгнэх вэ? Хоёр орны хооронд одоогоор ямар томоохон төслүүд хэрэгжиж байна, тэдгээрийг урагшлуулахад ЭСЯ-наас ямар дэмжлэг үзүүлэх вэ?   

 -Хоёр улсын хооронд дипломат харилцааны суурийг тавьсан цагаас хойш 71 жил өнгөрч байна. Өнгөрсөн жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хоёр тал өргөн хүрээнд хамтран тэмдэглэсэн. Олон үйл ажиллагаа, хурал, уулзалт, зөвлөгөөн болсон. Түүхийн тодорхой хэмжээний бичиг баримт, номууд мөн гарсан. Монгол Улс БНХАУ байгуулагдсаны дараа тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн анхны улсын нэг шүү дээ. Өнгөрсөн 71 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа маш сайхан хөгжиж ирсэн. Мэдээж хэрэг энэ хугацаанд улс төрийн нөхцөл, шалтгаан байсан уу гэвэл байсан. Гэхдээ өнөөдөр бол харилцаа хамгийн оргил үедээ ирчихсэн байна.

Хоёр улс хоорондоо Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд харилцаж, хамтын ажиллагааг хөгжүүлж байна. Хоёр улсын хооронд өндөр дээд түвшний уулзалтууд тогтмолжсон байна. Жишээ дурдахад, сүүлийн гуравхан жилийн хугацаанд хоёр орны төрийн тэргүүн нар таван удаа уулзсан. Хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны хөгжлийг эрчимжүүлэх, гүнзгийрүүлэх, ялангуяа нийгэм, эдийн засгийн салбарт хамтран ажиллах талаар болон иргэд хоорондын харилцаа, соёл, нийгмийн бусад салбарын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх чиглэлээр ажиллана. Өндөр дээд хэмжээний айлчлалаар баталгаажиж, баталгаажсан зүйлүүд нь хөтөлбөр болоод хэрэгжиж байна. Хоёр улсын хооронд нийгэм, эдийн засгийн салбарт олон тооны төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорыг байгуулах хүрээнд 32 төслийг хэрэгжүүлэхээр тохиролцоод байх жишээтэй.

Манай улс БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам”-ын санаачилгад нэгдэн орсон 138 орны нэг нь. Өөрөөр хэлбэл энэ санаачилгын хүрээнд хоёр улс хамтдаа хөгжих, харилцан ашигтай ажиллах түвшинд хөгжөөд явж байна. Цаашдаа ч нийгэм эдийн засгийн хамтын ажиллагаа илүү гүнзгийрэх байх. Ялангуяа экспорт, импорт, худалдааны хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавиад явж байна. Саяхан БНХАУ 13-р таван жилийн төлөвлөгөөгөө дүгнэж, 14-р таван жилийн төлөвлөгөө, 2035 он хүртэлх хэтийн төлвийг гаргаад байна. Үүнийг манай улсын “Алсын хараа-2050” хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулаад, цаашид урт болон богино хугацаанд хоёр улс хамтран хөгжихдөө хөгжлийн үйл ажиллагааг харилцан уялдуулах боломж бий болж байна.

 -Монгол Улсын газар нутгаар дамжуулан тавих хийн хоолойн төсөл болон Монгол Улсын дэвшүүлсэн “Талын зам”, БНХАУ-ын “Бүс за Зам” санаачилгыг уялдуулах ажлыг түргэвчлэх чиглэлд ЭСЯ-наас хэрхэн дэмжиж байна вэ?

 -“Талын зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулах олон төсөл хөтөлбөрүүд байгаа. “Бүс ба Зам”-ын хүрээнд зургаан эдийн засгийн коридор байгаагийн нэг нь Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор юм. Энэ коридорын хүрээнд өнгөрсөн жил гурван улс ярилцаж тохиролцсон зүйл нь хийн хоолойн дамжин өнгөрөх төслийн асуудал. Ер нь бол ОХУ-ын талтай Монголын тал зөвшилцсөн. Өндөр дээд хэмжээний уулзалтуудаар хийн хоолой барьж байгуулах ТЭЗҮ-ийг яаралтай дуусгая гэдэг асуудал яригдаж байгаа. “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах хамтарсан ажлын хэсгийн уулзалт саяхан болж өнгөрсөн. Уулзалтын хүрээнд хийн хоолой барьж байгуулах төслийн ТЭЗҮ-ийг яаралтай дуусгаж, дараагийн шат руу нь шилжүүлье гэсэн хэлцэл дээр тохиролцоонд хүрээд байна. Элчин сайд болон ЭСЯ-ны зүгээс хийн хоолойн төслийг урагшлуулах, эхлүүлэх чиглэл дээр талуудын ажлыг холбож өгөх, зохицуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл дээр ажиллаж байна.

 -Элчин сайд байх хугацаандаа Та цаашид аль чиглэлд илүү анхаарч, ямар асуудлыг шийдвэрлэж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа вэ?

 -Энэ асуудлыг ярихаас өмнө бид өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдлын багцааг мэдэх ёстой болов уу гэж бодож байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын гадаад худалдааны 62 хувь, экспортын 80 гаруй хувь нь БНХАУ-д оногддог тул хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны асуудал томоохон байр суурь эзэлнэ. Иймд нэгдүгээрт, экспортолж буй бараа бүтээгдэхүүн, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийг тогтвортойгоор БНХАУ-д нийлүүлэх, борлуулах асуудал байна. Хоёр улсын хооронд уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход чиглэгдсэн авто зам, төмөр зам, боомт зэрэг дэд бүтцийн асуудал байна. Эдийн засгийн коридорыг дагасан авто болон төмөр замын өргөтгөлийн асуудал бий. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлууд зэрэг нь хамгийн их анхаарах асуудал болж байна. Тиймээс элчин сайдын хувьд ажиллах хугацаандаа худалдаа, эдийн засгийн асуудалд анхаарал төвлөрүүлж ажиллах шаардлага байна.

Хоёрдугаарт, одоо аж үйлдвэрийн хувьсгал ялангуяа IT, технологийн асуудал, сансрын технологийн асуудалд Хятад улс тэргүүлэгч болоод гараад ирлээ. Тийм учраас бид БНХАУ-д сурч байгаа 10 мянга гаруй оюутны суралцаж буй мэргэжлийн асуудлыг илүү орчин цагийн, дэлхий нийтэд хурдацтай хөгжиж байгаа онлайн худалдаа, сансрын технологи, мэдээллийн технологийн хөгжил дэвшил рүү хандуулан БНХАУ-ын их, дээд сургуулиудад сургах, боловсон хүчнийг бэлтгэх тал дээр анхаарах ёстой болж байна. Мөн хоёр улсын хооронд хэрэгжиж байгаа хүмүүнлэгийн тусламж, хүмүүнлэгийн соёлын харилцааны асуудлууд байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар түүхийн музейнууд шинэчлэгдэж байна. Манай улсад Соёлын яам мөн шинээр байгуулагдлаа. Энэ салбарын хүрээнд дэлхийн улс орнуудад байгаа Монголын түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг олж авах асуудал байна. Мэдээж хэрэг эх хувилбарыг нь авч чадахгүй байх л даа, хувилж аваад шинээр байгуулах Чингис хааны музей, Түүхийн музейд дэлгэх асуудал яригдаж байгаа юм. Энэ бол Засгийн газрын хүрээнд хийж буй ажлуудын нэг. Тиймээс дээрх гурван асуудлыг онцгой анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Зарим нэг ажлыг нь хийж хэрэгжүүлээд явж байна. Мөн шинээр зайлшгүй хийх шаардлагатай ажил ч байна.

 -Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дэлхийн бүхий л улс орон эдийн засгийн болон бусад хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Энэ цаг үед эдийн засгийг сэргээх чиглэлээр, ялангуяа экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр та ямар ажил хийх вэ?

 -Хоёр улсын хоорондох гадаад худалдааны харьцааг харахад, манай улсаас БНХАУ руу хийж буй экспортын ихэнх хувийг уул уурхайн бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгасан хэд хэдэн зүйл байгаагийн дотор нэмүү өртөг шингэсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг бий болгоно гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл нүүрсийг угаах, баяжуулах, зэс, төмөр хайлуулах үйлдвэрүүдийг барих чиглэл рүү явж байна гэсэн үг. Хэрвээ эдгээр үйлдвэр баригдвал бид сүүлийн үеийн технологийг гаднаас авч нутагшуулах гэсэн асуудал байна.

Хоёрдугаарт, би сая дурдсан Ван И сайдын айлчлалаар яригдсан хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортын асуудал байна. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох асуудал ерөнхийдөө жигдрээд явж байна. Мөн гурил, гурилан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал гээд хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох хорио цээр, эрх зүйн бичиг баримтуудыг тохирох, Хятад улсаас тавьж буй хүнсний стандартад нийцүүлэх гээд хийх ажил их байна. Хятад улс өөрөө хөгжихийн хэрээр ард иргэдийнх нь амьжиргааны түвшин дээшилж, хүнсэнд хэрэглэх бараа бүтээгдэхүүний стандарт өндөр болж байна. Тийм учраас бид энэ том эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг дагаж өөрийн гаргаж буй бараа бүтээгдэхүүнээ тэр стандартад нь нийцүүлэх ажлыг хийх хэрэгтэй байна.

Дараагийн асуудал нь мэдээллийн технологийн чиглэлийн хамтын ажиллагаа. Хятадын онлайн худалдааны зах зээлийг Монгол Улсад нээлгэх асуудлыг эрчимтэй яриад эхэлэчихсэн байж байна. Цаг хугацаа маш хурдацтай өөрчлөгдөж байна. Цар тахлын үед ч мөн худалдаа, эдийн засгийг явуулах арга нь хүртэл нарийсаад эхэллээ шүү дээ. Заавал ирж очоод байх шаардлагагүй болсон байна. Онлайн худалдааг маш ихээр хийдэг болж байна. Мөн хүргэлтийн үйлчилгээний асуудал байна. Ялангуяа энэ хүргэлтийн үйлчилгээ Хятадад маш их хөгжсөнийг бид харж байна. Хүргэлтийн үйлчилгээний салбарыг ч мөн Монгол Улсад хөгжүүлэх асуудал байна. БНХАУ-аас ЕХ-руу дамжин өнгөрч буй төмөр замын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх асуудал байна. Өнгөрсөн он болон энэ оны эхээр БНХАУ-аас ЕХ, ОХУ руу Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа төмөр замаар тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүний хэмжээ их хэмжээгээр нэмэгдсэн гэсэн статистик мэдээлэл байна. Энэ бол манай улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр үзүүлэх салбар юм. Энэ чиглэлээр ч мөн суугаа орны төмөр зам, тээврийн салбаруудтай хамтарч ажиллаж байгаа гэдгийг хэлье.

 -Эдийн засаг хүнд байгаа үед гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь эдийн засгийг дэмжих нэг чухал хүчин зүйл болдог. Хөрөнгө оруулалт татах чиглэлээр бодож төлөвлөсөн ямар ажил байна вэ?

 -Хоёр орны худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг зургаан жилийн өмнө тохиролцсон байдаг. Түүнээс хойш хоёр улсын хооронд хийж байсан худалдааны хэмжээ 4 дахин өсчихөөд байна. Гэвч харамсалтай нь 2020 он ингээд дуусаж байна. Цар тахал дэлхий нийтийг хамарч, хил боомтоо хаагаад тодорхой хэмжээний хязгаарлалт тавьсны улмаас энэ ондоо тус зорилтод хараахан хүрэх боломжгүй болчихлоо. Түүнээс гадна дотоод болон гадаадад дэгдсэн халдвартай холбоотой манай улс ч мөн тодорхой хэмжээнд хилээ хаах зэрэг арга хэмжээ авлаа. БНХАУ ч мөн адил 11-р сарын 10-наас хойш тодорхой хэмжээнд хязгаарлалтууд тавьж байна. Энэ мэтчилэн хязгаарлалтуудаас болж бид гадаад худалдааны эргэлтийн хэмжээг зорьсон хэмжээндээ хүргэж чадахгүй болж таарч байх шиг байна. Гэхдээ бид 2021 онд хоёр улсын хооронд хил боомтын асуудлыг халдвараас урьдчилан сэргийлэх бүх нөхцөлүүдийг бүрдүүлээд, хэвийн ажиллах тохиолдолд түрүүний хэлсэн 10 тэрбум ам.долларт хүрэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэе.

 Хөрөнгө оруулалтын тухайд сүүлийн 20-иод жилийн хугацаанд манай улсад БНХАУ-аас 5.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. БНХАУ-аас Монгол Улсад оруулж буй ихэнх хөрөнгө оруулалт нь уул уурхайн салбарт байсан бол, сүүлийн 2-3 жилийн хугацаанд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Бид БНХАУ-аас Монгол Улсад оруулж буй шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулж байна. Олон төрлийн хамтарсан уулзалт, зөвлөгөөнийг хийж байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр, ялангуяа томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалтыг татан оролцуулах ажлыг хийгээд явж байна. Цаашид ч мөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр зөвхөн хоёр улсын ЗГ хооронд биш, бүс нутаг буюу хил дагасан субьектуудын хооронд хамтран ажиллах боломжтой. Гэхдээ орон нутгийн хамтын ажиллагааг нэг цонхны бодлогоор хөгжүүлэх бодлогыг барьж байна.

 -БНХАУ-аас эх орон руугаа буцах хүсэлтэй иргэдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна. Мөн манай иргэд БНХАУ-д гэмт хэрэг зөрчилд холбогддог асуудлыг бууруулах чиглэлээр цаашид яаж ажиллах вэ?

 -Монгол Улсаас БНХАУ-д сурдаг, ажиллаж амьдардаг, холимог гэр бүл гээд нийт 15 мянга 700 орчим хүн байдаг. Цар тахал гарсан цагаас хойш анх Ухань хотод суралцдаг байсан 31 хүнээс эхлээд ойролцоогоор 6 мянган иргэнийг УОК-ын удирдлага дор Бээжин, Эрээн боомтоор зохион байгуулалттайгаар нутаг буцаасан. Хэдийгээр хил хаалттай байгаа ч нутаг буцах хүсэлтэй иргэдийг бүртгээд, бүлэг болгох байдлаар ажиллаж байна. Хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан “ногоон гарц”-ын журмын дагуу иргэдийг нэг, хоёроор нь бус бүлэг, бүлгээр нь гаргах зохион байгуулалт хийсэн. Өнөөдрийн байдлаар нутаг буцахтай холбоотой асуудлаар үүссэн хүндрэл байхгүй, “ногоон гарц”-ын журам хэвийн үйлчилж байна. БНХАУ-ын иргэд нутаг буцах асуудлыг ч мөн тус журмаар зохион байгуулаад явж байна. Гэхдээ одоо хилээр орж, гарч байгаа иргэд коронавирусний шинжилгээг зайлшгүй өгсөн байх шаардлагатай. Мөн очсон газартаа тусгаарлалтад орох зэрэг зохих арга хэмжээг авч байна.

Иргэд БНХАУ-д гэмт хэрэгт холбогддог асуудал бол их төвөгтэй. Учир нь иргэд суугаа улсад гэмт хэрэг үйлдээд хуулийн дагуу хариуцлага хүлээгээд, зохих арга хэмжээ авахуулаад, тус улсаас албадан гаргасан ч буцаад хүрээд ирдэг. Өөрөөр хэлбэл буцаж ирэх нь нээлттэй байна шүү дээ. Магадгүй тэдгээр иргэдийн наашаа буцаж ирэх хөдөлгөөнийг бид хууль, эрх зүйн хүрээнд ямар нэгэн байдлаар хязгаарлах ёстой. Монгол Улсын иргэд БНХАУ-д 30 хоногийн хугацаанд визгүй зорчдог. Энэ нь эргээд сөрөг тал болоод байгаа юм. Гэмт хэрэг үйлдчихээд дахин орж ирдэг асуудал байгаад байгаа юм л даа. Тийм учраас бид энэ чиглэлээр гарч буй зарим эрх зүйн байдлын тухай хуулиудад саналаа өгч байна. Өөрөөр хэлбэл эдгээр иргэдийг тодорхой хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийх шаардлага байна. Одоогоор БНХАУ-д 86 иргэн ял эдэлж байна. Энэ жилийн хувьд 4 иргэний ялын хугацаа дуусаад, нутаг буцаах асуудлыг нь яриад байж байна.

Мөн иргэдийн холбогдож буй гэмт хэргийн төрлөөс харахад, голчлон хулгайн гэмт хэрэг байгааг судалгаанууд харуулж байна. Зарим төрлийн буюу луйврын гэмт хэргүүд бүртгэгдсэн тохиолдол ч байна. Цаашид Хятадад ирж буй иргэддээ тодорхой хэмжээгээр хууль эрх зүйн сурталчилгаануудыг сайтар хийх ёстой байна. Дараагийн нэг асуудал бол сумтай холбоотой асуудал байна. Санамсаргүй болон санаатай байдлаар сум цүнхэндээ хийгээд хилээр ороод ирчихсэн. Хууль чанга улсад хуулийг зөрчөөд амьдрах боломж гэж бараг байхгүй дээ. Хилийн боомтууд дээр Монгол Улсын хилийг нэвтэрч байх цаг хугацаанд нь иргэддээ зориулж сурталчилгаа, мэдээлэл өгөх. Мөн манай иргэд өөрсдөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санамсаргүй байдлаар гэмт хэрэгт холбогдох талаарх болон хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх шаардлага байна. Цар тахлын асуудал хэзээ нэгэн цагт дуусаж иргэдийн урсгал хэвийн болох цагт энэ асуудлыг дахин гаргахгүйн тулд бид одооноос хилийн боомтууд дээр иргэдэд зориулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг хийх, үүнтэй холбоотой хууль эрх зүйн заалтуудаа шинэчлэх, илүү чангатгах зайлшгүй хэрэгтэй байна. Бид ХЗЯ болон холбогдох байгууллагуудад саналаа хүргүүлсэн.

         -БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос Монгол Улсыг хавсран суудаг олон ЭСЯ байдаг. Эдгээр улс оронтой хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ямар ажил хийх вэ?

 -Миний хувьд Бээжин хотод БНХАУ-аас гадна Пакистан улсыг хавсран суудаг. Пакистан, Монголын харилцааны асуудал хэвийн үргэлжилж байна. БНХАУ-д суугаа Пакистаны Элчин сайд мөн саяхан томилогдсон. Миний бие Элчин сайдтай уулзалт хийж, цаашид хоёр орны хооронд хэрхэн хамтарч ажиллах, ямар асуудал дээр анхаарч ажиллах талаар ярилцсан. Мөн удахгүй хоёр орны төрийн тэргүүн нарт харилцан Итгэмжлэх жуух бичгээ барих асуудал хүлээгдэж байна. Хоёр улсын хооронд нийгэм, эдийн засгийн харилцаа нэлээд эрчимтэй хөгжиж байна. Пакистан улсын бүртгэлтэй, хөрөнгө оруулалттай компаниуд манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр ажиллана гэж бодож байна.

Одоогоор Монгол Улсыг Бээжин хотоос хавсран суудаг 97 улс орон байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ныхаа хувьд эдгээр орны ЭСЯ-дтай маш ойр харилцаатай ажиллах ёстой. Энэ хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр уулзалтууд хийж байгааг хэлье. Хорь гаруй орны элчин сайд мөн шинээр томилогдсон. Эдгээр элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барих асуудлууд хүлээгдэж байна.

 -Манай улсад дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш Хятад улстай коронавирустэй тэмцэх чиглэлийн хамтын ажиллагаа ямар байна? Энэ цаг үед экспортыг тасалдуулахгүй байх чиглэлээр ямар ажил хийгдэж байна?

 -Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Засгийн газраас цар тахлын халдвартай тэмцэх ажилд зориулж нийтдээ 8 сая юанийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээ мэдэгдсэн. Үүнээс 4 сая юанийн тусламжаар нуклейн хүчлийн төхөөрөмж, урвалжийн бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Уг тусламжийн бараа бүтээгдэхүүний эхний ээлжийг 11-р сарын 30-ны өдөр Эрээн боомтоор Монголын талд хүлээлгэн өгсөн.

2020 оны 11-р сарын 11-нд УОК хуралдаж, дотоодын халдвартай холбогдуулан Засгийн газрын шийдвэр гарсан. Хоёр орны хооронд 8-р сарын 15-наас “Ногоон гарц”-ын журам амжилттай хэрэгжүүлж байсан. Хятадын тал гаднаас халдвар оруулж ирэхгүй байх тал дээр тодорхой арга хэмжээ авсан. Замын-Үүд-Эрээн, Гашуунсухайт-Ганц мод, Шивээ хүрэн-Сэхээгийн боомтоор цар тахлын хяналтын асуудлыг чангатгаад эхэлсэн. Монгол Улсаас орж ирж буй тээврийн жолооч нарын тоог хязгаарлах, үүнтэй холбогдуулаад нүүрсний тээвэр саатах гээд асуудлууд гараад байна. Энэ чиглэлд дипломат шугамаар ажиллаж байна. Ямар зохицуулалт хийж болох вэ гэдэг асуудлаар манай ГХЯ-наас болон УОК, Засгийн газраас ажлын хэсгүүд боомтууд дээр ажиллаж байна. БНХАУ-ын тавьж буй шаардлагуудыг зөв гэж бодож байна. Яагаад гэвэл өнгөрсөн 10 сарын хугацаанд БНХАУ-аас манай улсад орж ирсэн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. БНХАУ-аас манай улс руу халдвар алдагдаагүй гэсэн үг. Энэ улс бас өөрөө өөрийгөө хамгаалах эрхтэй. Энэ бол цаг хугацааны хүндрэл гэж үзэж байна. Тэгэхээр үүнийг яаж оновчтой зохион байгуулах вэ гэдэг шийдэл янз янзаар л гарч байна л даа. Хамгийн оновчтой шийдэл бол Монгол Улсаас БНХАУ руу экспорт хийж буй тээврийн жолооч нар түргэн оношлуур болон PCR шинжилгээ өгөөд, тавьсан шаардлагын дагуу л явах ёстой. Хилийн боомт дээр лабораториудыг байгуулаад ажиллаж байх ёстой. Одоо бол өдөрт гарч буй тээврийн хэрэгсэл, нүүрсний машин цөөхөн байна. Удахгүй энэ асуудал жигдрэх болов уу гэж бодож байна. Үүнтэй холбогдуулаад бид Хятадын ГХЯ-ны Азийн газартай уулзаж ярилцсан. Манай холбогдох аймгийн захиргаа, боомтын захиргаа, ажлын хэсгүүд ӨМӨЗО-ны боомтын захиргаа болон Эрээн хотын Ардын засгийн ордон, Баяннуурын Ардын засгийн ордонтой уулзалт хийгээд явж байна. Энэ асуудлыг зохицуулах чиглэлээр дипломат шугамаар ажиллаж байна.

 -Ерөнхийдөө халдварын дэглэм, холбогдох аюулгүй байдлын стандартыг баримтлаад явахад Хятадын талаас ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж ойлгож болох уу?

 -Хятадын талаас тавьсан шаардлагын дагуу одоогоор Замын-Үүд боомт дээр лаборатори байгуулаад, шинжилгээ хийгдээд явж байна. Гашуунсухайт боомт дээр хөдөлгөөнт лаборатори очсон, шинжилгээг авч байна. Өнөөдрийн байдлаар 1000 гаруй жолооч шинжилгээгээ өгсөн байна. Эдгээр жолоочид 7 хоногтоо нэг удаа шинжилгээнд хамрагдах юм байна билээ, түүгээрээ баталгаажаад явна. Шинжилгээ өгчихөөд дараа нь халдвартай орчин руу орчихвол баталгаагүй болно. Тиймээс шинжилгээ өгсөн хүмүүсээ тусгаарлах буюу өөрөөр хэлбэл Монголын талдаа ногоон бүс байгуулна гэж байгаа юм. Бид зохион байгуулалтаа зөв хийгээд, мэдээллээ өдөр бүр Хятадын талын боомтын захиргаатай солилцоод явбал энэ асуудал нэг их удахгүй жигдрээд явчих байх гэж үзэж байна. Дээр нь нэмж хэлэхэд нүүрсний тээвэртэй холбоотойгоор Булган-Такашкен боомт дээр энэ оныг дуустал хагас, бүтэн сайн өдөр ажиллах нөхцөлийг дипломат шугамаар Хятадын ГХЯ болон холбогдох байгууллага, ШУӨЗО-ны засаг захиргаатай хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ нь алдагдсан цаг хугацааг нөхөх, нүүрс тээвэр, хоёр орны хооронд явагдаж буй худалдааг ямар нэгэн хэмжээгээр саатуулахгүй  байх зорилгыг агуулж байгаа юм.

 -Хятад улсын вакцин хөгжүүлэлтийн талаар Та ямар мэдээлэлтэй байна. Вакцин гарган авсан тохиолдолд манай улсад нийлүүлэх асуудал ямар байдалтай байгаа вэ?

 -Дэлхий даяар вакцин хөгжүүлэх 130 орчим төсөл хэрэгжүүлж байгаагаас 13 нь идэвхтэй явж байгаа ба туршилтын гуравдугаар үе шат руугаа ороод байна. Эдгээрээс 4 вакцин нь БНХАУ-д маш эрчимтэй хөгжүүлэлтэд явж байна. Вакцинуудыг Синофарм, Синовак, Цэргийн Шинжлэх ухааны институт гэх зэрэг байгууллага хөгжүүлж байна. Жишээ нь, Синофармын вакциныг зарим улс оронд туршиж байгаа юм байна. Эдгээр хөгжүүлэлтэд орсон вакцинуудыг Хятад улсад өнөөдрийн байдлаар 60 орчим мянган хүн мөн хийлгэчихсэн байна. Вакцин хийлгэсэн иргэд нь гадаад улс орнуудад зорчоод халдвар аваагүй, мөн ямар нэг сөрөг нөлөө үзүүлээгүй гэдгээ Хятадын тал албан ёсоор мэдээлж байна.

Дэлхий нийтэд энэ олон вакцины хөгжүүлэлт явж байна. Мөн эдгээр үйлдвэрлэгдэхээр бэлтгэж байгаа, үйлдвэрлэж байгаа вакцинуудыг ялангуяа хөгжиж буй орнуудад тэгш хувиарлах механизм шинээр байгуулагдсан. Эцсийн эцэст ямар вакцин худалдаж авах вэ гэдгийг ДЭМБ-ын баталгаажилтаар бид тогтооно. Энэ оны өмнө баталгаажуулалтаа авахаар хүлээж буй хэд хэдэн вакцин байна. БНХАУ-ын ЗГ-аас ч мөн холбогдох вакцинуудад ДЭМБ-аас зөвшөөрөл авах асуудал яригдаж байгаа. Ямар вакцин хэрэглэх вэ гэдгийг Монгол Улсын Засгийн газар, УОК, ГХЯ-наас шийдвэрлэх байх. Бидэнд ямар нэгэн байдлаар худалдан авах ажиллагааг эхлүүлэх, хийх зөвшөөрөл өгвөл бид үүнийг хийхэд бэлэн. БНХАУ-ын Засгийн газар, ГХЯ-наас вакциныг хэрэглэж эхлэх үед Монгол Улсад тодорхой хэмжээгээр нийлүүлэхэд бэлэн гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байгаа.

 -Саяхан болж өнгөрсөн хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хурал болон парламент хоорондын уулзалтын механизмын хурлын талаар мэдээлэл өгнө үү?

 -Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан хамгийн сүүлд 2018 онд Бээжин хотод болсон. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хойшилж энэ долоо хоногт хуралдлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр улсын хооронд хэрэгжүүлсэн нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаа дүгнэж, дараагийн хоёр жилд хийж хэрэгжүүлэх ажлаа ярилцаад, протокол гаргасан. Мөн “Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэ агуулгаар баяжуулан хэрэгжүүлэх, “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр”-ийг шинэчлэн байгуулах асуудлаар тохиролцоонд хүрсэн. Түүнээс гадна хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод аль болох эрт хүрэхийн тулд идэвхтэй хамтран ажиллах, цар тахлын нөхцөл байдалд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаашид ч тогтвортой хэрэгжүүлэхээр тохиролцсон. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний худалдааг тогтвортой явуулахын зэрэгцээ уул уурхайн бус салбар, түүний дотор хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, мах, махан бүтээгдэхүүн, хөх тариа, улаан буудайн гурил зэрэг бүтээгдэхүүний худалдааг дэмжих үйл ажиллагааг эрчимжүүлэхээ харилцан илэрхийлсэн.

Хоёр улсын хоорондын барааны худалдаа болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийг дэмжих зорилгоор төмөр замын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр тохиролцож, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил нэвтрэх цэгийг тохиролцох, “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-ийг шинэчлэн байгуулах, төмөр замын Ханги-Мандал боомт нээх зэрэг асуудлаар мөн санал солилцсон. УИХ болон Хятадын БХАТИХ-ын байнгын механизмын уулзалт гурав дахь удаагаа зохион байгуулагдсан. Энэ уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг хөндсөн. Тухайлбал, парламент хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, цар тахлын эсрэг хамтран тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцсэн.

 -Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтад оролцсон. Мөн Та үүний дараахан ШХАБ-ын ЕНБД-тай уулзалт хийлээ. Энэ уулзалтын үеэр юу ярив, тус байгууллагатай хамтын ажиллагааны ямар боломж байна гэж үзэж байна вэ?

 -ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтын механизмын энэ жилийн хуралдаанаар ШХАБ-ын бүс нутагт оруулж буй хувь нэмэр талаас нь илүү ач холбогдол өгч ярилцсан. НҮБ-ын үндсэн чиг зорилго болох аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаанд хэрхэн оролцсон, цаашдаа хэрхэн оролцох вэ гэдгээ дүгнэсэн том уулзалт болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч уг уулзалтад оролцож, ШХАБ-ын улс орнуудын явуулж буй үйл ажиллагаанд ажиглагч орны хувьд хэрхэн оролцох, байр суурь, саналаа илэрхийлсэн. Хоёрдугаарт, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны интеграцид оролцох боломжийн талаар ярьсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дурдсан зүйл нь Хятад-Монгол-Оросыг холбосон эдийн засгийн коридорыг байгуулах, ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх хийн хоолой барих ажлуудыг хамтран хэрэгжүүлэх нь ШХАБ-ын ажиглагч, гишүүн орнууд, түүний хамтран ажилладаг бусад байгууллагын хамтын ажиллагаанд тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг онцолсон.

ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар нь Бээжин хотод байрладаг. Миний бие тус хурлын дараа ШХАБ-ын ЕНБД ноён В.И.Норовтой уулзалт хийсэн. Энэ уулзалтын үеэр Монгол Улс ажиглагчийнхаа хувьд энэ байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн оролцох вэ, ШХАБ-ын “Ажиглагч орнуудтай хамтран ажиллах” баримт бичгийн хүрээнд цаашдаа бид ямар ямар үйл ажиллагаанд хамтран ажиллаж болох вэ гэдгийг тодорхойлох уулзалт болсон. 2021 онд ШХАБ-аас зохион байгуулж байгаа бүх төрлийн үйл ажиллагаанд Монгол Улс, Монгол Улсын ЭСЯ хэрхэн оролцох, хэрхэн төлөвлөгөөгөө уялдуулах гэдэг дээр харилцан тохиролцож, үйл ажиллагааг илүү эрчимтэй хөгжүүлэхээр тохирсон. Одоо ч мөн энэ ажил эрчимтэй явагдаж байна. 2021 оны ШХАБ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний загварууд нь гараад эхэлчихсэн. Бид үйл ажиллагаагаа уялдуулаад, зөвхөн ЭСЯ, ГХЯ биш олон улсын харилцаанд оролцдог судалгааны байгууллагуудын хүрээнд тухайлбал, манай Стратеги судалгааны хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн гэх зэрэг байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг зохион байгуулах чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, 2021 онд үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцсон.

Холбоотой мэдээ