Я.Содбаатар: Экспорт голлосон аймагт "эрүүл бүс" байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-29 20:55:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар сэтгүүлчдийн асуултад хариулав. 


-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжлэх орон нутагт худалдаа үйлчилгээний газар болон үсчин, цайны газар ажиллах уу?


-Худалдаа үйлчилгээний салбарыг нээгээгүй. Тийм учраас үсчин гоо сайхан эдгээр орон нутагт ажиллахгүй. Тодорхой шаардлага хангасан боловсруулах үйлдвэрийг үе шаттай нээж, экспортод чиглэсэн үйлдвэрүүдээ нээх бодлого түлхүү барьж байгаа. Хүнсний худалдаа, эмийн худалдаа, онлайн худалдааг нээнэ. Гэхдээ үе шаттай нээхийг зорино, энэ 10 хоногт бол үгүй. 


-Хөл хорио сунгасан аймаг, тухайлбал, Архангай аймаг руу буцахаар бүртгүүлж шинжилгээ өгч байгаа иргэд яах вэ?

-Архангай аймаг руу нийслэлээс буцахаар 7181 хүн бүртгүүлсэн. Тус аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн, хоёр сум эрсдэлтэй байгаа. Тиймээс тэдгээр иргэдийг буцаах асуудлыг түр хойшлуулж байна.  Бид орон нутаг руу буцах иргэдийг үе шаттай явуулна, нэг дор гаргахгүй. Ингэхдээ, цас зудны байдлыг харж, баруун холын аймгуудаас эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар, орон нутаг руу буцах хүсэлтэй 91 мянган иргэн цахимаар бүртгүүлээд байна.


-Нүүрс тээврийн жолооч нарыг түргэвчилсэн оношлуураар оношилж урт дараалал үүсгэж байгаа, зарим жолооч машиндаа хонож байна гэсэн мэдээлэл байна. Энд зохион байгуулалт хэрэгтэй биш үү?

-Засгийн газрын хуралдаанаар бас нэгэн тогтоол баталсан. Энэ нь экспортод чиглэсэн бүс нутагтаа эрүүл бүс байгуулах шийдвэр юм. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Цогтцэций, Хонбогдын чиглэлийн бүс нутагт чангатгасан хүчний хамгаалалт авч иргэдийг нь PCR шинжилгээнд хамруулна. Мөн Шивээхүрэн, Гурвантэсийн бүс нутагт ижил арга хэмжээ авна. Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон. Нийт уул уурхайн экспортод чиглэдэг 28 аж ахуйн нэгжид онцгой дэглэм тогтоож харуул хамгаалалт, халдвар хамгааллыг чангатгахыг холбогдох сайд, аж ахуйн нэгжид үүрэг болгосон. УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдалаар ахлуулсан ажлын баг Өмнөговь аймагт ажиллаж байна. 


Бид эхний өдөр түргэвчилсэн оношлуураар жолооч нарыг оношилж байсан ч Хятадын талаас заавал PCR шинжилгээ авах шаардлага тавьсан. Тиймээс Өмнөговь аймагт PCR шинжилгээний аппарат байрлуулж жолооч нараа хамруулж эхэлнэ. Өчигдрийн байдлаар, 400 машин гарсан. Жолооч нартай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Зам тээвэр хөгжлийн сайдад чиглэл болгосон. Маргааш тайланг нь сонсоно.


Үргэлжлэлийг энд дарж харна уу.

Холбоотой мэдээ