Д.Нарангэрэл: Вирус агуулаагүй Модерна вакциныг нэвтрүүлэх төсөл боловсруулсан

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-28 11:58:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчийн асуултад хариуллаа.


-Эрдэмтэн судлаачид хөл хорионы дэглэмийн сунгах санал гаргасан. Энэ нь ямар үндэслэлтэй юм бэ?


-Хөл хорио сунгах эсэхийг УОК шийднэ. ЭМЯ-наас халдварын нөхцөл байдлыг өдөр бүр танилцуулж байна. Халдварын нууц үе 14 хоног бөгөөд энэ хугацаанд ойр байсан хүмүүсийг олох гинжин хэлхээ үргэлжилж байгаа. Хөл хорио тогтоосноос хойш нэг нууц үе дуусаж байгаа ч өвчлөл араасаа нэмэгдэж байна. Тиймээс хяналтын 14 хоногийн хугацаанд хөл хорьж, авч буй хариу арга хэмжээг сулруулахгүй байх нь чухал болохыг олон улсын туршлага харуулж байна. 

Эмч, мэргэжилтнүүд нууц үеийн хугацаа, сүүлд бүртгэсэн тохиолдол, түүнээс хойших хяналтын 14 хоног зэргийг тооцож мэргэжлийнхээ дагуу саналаа өгсөн. Эрсдэлийн үнэлгээг өнөөдөр дахин хийнэ. Орон нутгийнх нь байдлаас хамаарч эрсдэлийн үнэлгээг гаргана. Халдварыг улсын хэмжээнд тархаахгүй байхын тулд авсан арга хэмжээгээ суруулахгүй байж халдварыг барьж авах нь манай гол зорилго. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт, төр засгийн шийдвэрээ дагаж мөрдөх нь чухал юм. 


-Биеийн байдал нь маш муу 2, хүнд гэж оношлогдсон 8 хүн байна гэлээ. Эдгээр өвчтөнөөс амьсгалын аппаратад орсон хүн бий юу?


-Маш хүнд байгаа хоёр иргэний нэг нь ХӨСҮТ-д эмчлүүлж буй 57 настай хүн. Амьсгалын аппаратад ороогүй. Харин Цэргийн төв эмнэлэгт 80 настай өвчтөн амьсгалын аппаратад орсон. Уг өвчтөн зүрх судасны архаг хууч өвчтэй. Гэхдээ дээрх хоёр хүний биеийн байдал тогтвортой байгаа. 


-Вакцин авах ажлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд судалж байна. Та бүхэн монгол хүний бие, эрүүл мэндэд тохирсон вакцины саналаа хүргүүлсэн үү?


-Коронавирусний 140 гаруй вакцины туршилт эхлэх үеэс л ЭМЯ анхаарал хандуулж байгаа. Бид долоодугаар сард хүсэлтээ өгч олон улсын хамтарсан КОВАКС хөтөлбөрт нэгдсэн. Энэ хөтөлбөрийг хөгжил буурай орнууд хөгжингүй орнуудтай ижил тэгш вакцин хүртэх зорилгоор байгуулсан. Манай улсыг вакцин авах эхний орнуудын жагсаалтад бүртгэсэн. Бид эхлээд хүн амынхаа 20 хувь буюу эрсдэлт бүлгийг вакцинд хамруулна. Тухайлбал, эмч, цагдаа, онцгой байдал, сургууль, цэцэрлэгийн багш нарыг үе шаттай хамруулахаар төлөвлөж УОК-т санал хүргүүлсэн.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд сулруулсан вирусгүй Модерна вакцин болон вируст суурилсан Адино вакциныг хөгжүүлж байна. Бид хамгийн түрүүнд вирус агуулаагүй Модерна вакциныг нэвтрүүлэхээр төслөө боловсруулан хүргүүлсэн. Өчигдөр Женев хотноо болсон хуралд Монголын цагаар 21.00 цагт цахим хэлбэрээр оролцож саналаа илэрхийлсэн. Ингэхдээ бид ДЭМБ-аар баталгаажиж, зөвшөөрсөн, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжид хадгалж болох зэрэг 12 шаардлага тавьж байгаа.

Холбоотой мэдээ