Х.Баттулга: Үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг бүдүүлгээр зөрчиж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-27 10:37:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд оролцон үг хэлэхдээ Шүүхийн багц хуулийн төслийг татан авч, Засгийн газраа өргөн мэдүүлсэн төсөлд саналаа нэгтгэхийг хүслээ.


Тэрээр Шүүхийн багц хуулийн төслийг энэ оны дөрөвдүгээр сарын 23-нд өргөн барьсан. Уг хуулийн төслийг УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхийг дэмжээгүй юм. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, "Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг УИХ хэлэлцсэн болоод буцаалаа. Тиймээс Үндсэн хуульд заасан заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн байр сууриа чуулганы индэр дээрээс илэрхийлж байна. Үндсэн хуульд орсон өөрлөлтийн хүрээнд боловсруулсан шүүхийн багц хуулийг хэт улс төржсөн, иргэд олон нйитийг төөрөгдүүлсэн, үндэсний эв нэгдлийг хангах төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн нэн болхи үзэл суртлын хүрээнд, нэгдмэл улсын ёсонд огт нийцэхгүй, монголын төрийн уламжлалд үл зохицох байдлаар хандах болсонд харамсаж уг хуулийн төслүүдээ татан авч байна.


Шүүхийн асуудал бол хэдэн шүүгчийн асуудал биш, шударга нийгэм байгуулах, ард түний хувь заяаг шийэх онцгой шийдвэр гаргагчид хамаарах өргөн хүрээний асуудал. Тиймээс шүүхийн багц хуулийн өөрчлөлт шинэчлэл нь улс төрийн нам, явцуу ашиг сонирхлыг хангах бус иргэн бүр хүний өмнө эрх тэгш байхыг хангах юм. Татвар төлөгчдийн мөнгийг цувчуулчихаад торгуулаад өнгөрдөг, энгийн иргэн шоронд ордог увайгүй байдлыг халах тодорхой зорилтын хүрээнд олон талын оролцоог хангасан, авах гээхийн ухаан зарж, зөв оновчтой бодлогыг олоход чиглэсэн байдлаар асуудалд хандвал зохих байлаа. 


Тухайлбал, НДС-гийн 340 тэрбум төгрөг цувчуулсан УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа 13 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан иргэн хоёр жилийн ял авч Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй. 


Би Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд оролцохдоо шударга нийгэм байгуулах ганцхан зарчмыг баримталж ШЕЗ, Шүүхийн ёс зүйн хороог томилох бүрэн эрхээсээ татгалзсан. Шударга бус хонгил байгуулсан ерөнхийлөгчдөөс бүрэн эрхээ нэмж байгаагүй, харин ч татгалзаж байсан анхны ерөнхийлөгч болсон. Аль нэг улс төрийн нам, бүлэглэл шударга бусын хонгил байгуулахыг би тэвчихгүй" хэмээв. 


Тэрбээр, Засгийн газраас өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуульд өөрийн саналаа уламжилж, сайн мууг нь тунгаасан, оновчтой, эрсдэл хийдэлгүй хууль гаргахыг уриалж, өөрийн санаачилсан хуулийн төслийнхөө зарчмын зөрүүтэй саналыг зүйл бүрээр нь тайлбарлав.

Холбоотой мэдээ