Нийт нутгийн 40 орчим хувьд зудын эрсдэл их байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-25 11:08:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зурагт нийт нутгийн 40-өөд хувьд их (нэн их 6.0 хувь, их 30,4 хувь), 30 шахам хувьд нь (28.2 хувь) дунд зэрэг эрсдэлтэй байгааг мэдээлжээ.


Үүнээс Баянхонгор аймгийн нутагт зудын эрсдэл нэн их, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дундговийн нутаг бүхэлдээ, Өмнөговь, Дорноговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим нутгаар эрсдэл их зэрэглэлтэй байв. Өөрөөр хэлбэл, эдгээр нутгаар өвөл, хавар цаг агаар хүндрэх нөхцөл бүрджээ.


Өнгөрсөн зун гантай, гандуу байсан Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь аймгийн нутгаар өвс ургамлын гарц муу, га-гийн ургац бага, бэлчээрийн даац хэтэрсэн, малын тарга хүч муу, усан хангамж хүрэлцээгүй, отор нүүдэл хийж туйлдсан, өвс тэжээлийн нөөц хүрэлцээ хомс, зах зээлийн үнэ өндөр байгаа нь зудын эрсдэлийг нэмж байна.


Энэ жил ихэнх нутагт зуншлага оройтсон, 8 дугаар сарын 20-д гэхэд нутгийн 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд буюу Говь-Алтайн Жаргалант, Чандмань, Цээл, Баянхонгорын Богд, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Жинст, Баян-Өндөр, Бууцагаан, Баянбулаг, Баянхонгор, Заг, Баянцагаан, Баацагаан, Хүрээмарал, Бөмбөгөр, Гурванбулаг, Өлзийт, Өвөрхангайн Богд, Баруунбаян-Улаан, Баянгол, Гучин-Ус, Хайрхандулаан, Сант, Уянга, Зүүнбаян-Улаан, Төгрөг, Дундговийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Өмнөговийн Цогт-Овоо, Мандал-Овоо, Ноён, Сэврэй, Баяндалай, Гурвантэс сумын нутгаар муу үнэлгээтэй байв.


Энэ сарын 10-нд нийт нутгийн 10 гаруй хувь цастай байсан бол 20-ны байдлаар нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ. Тухайлбал, Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар 20 см-ээс их, Завханы Нөмрөг, Цагаанчулуут, Баянхонгорын Галуут, Архангайн Түвшрүүлэх, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 10.1-20.0 см, Увсын Баруунтуруун, Завханы Отгон, Шилүүстэй, Яруу, Түдэвтэй, Сонгино, Цэцэн-Уул, Говь-Алтайн Цогт, Эрдэнэ, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Баянхонгорын Жаргалант, Баянбулаг, Баянхонгор, Гурванбулаг, Заг, Эрдэнэцогт, Хүрээмарал, Бөмбөгөр, Бууцагаан, Архангайн Эрдэнэбулган, Батцэнгэл, Булган, Чулуут, Өвөрхангайн Хайрхандулаан, Есөнзүйл, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Түшиг, Хүдэр, Бугант, Ерөө, Төвийн Зуунмод, Хэнтийн Өлзийт, Баянмөнх, Дархан, Сүхбаатарын Сүхбаатар, Халзан, Баяндэлгэр, Түвшинширээ, Уулбаян, Асгат, Дарьганга, Мөнххаан, Онгон сумдад 5.1-10.0 см, бусад нутагт 5.0 см хүртэл зузаан цастай байлаа.


Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалт, хиймэл дагуулын мэдээ нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээ гаргажээ.

Холбоотой мэдээ