Шатрын бодлого бодолтын УАШТ-ийг онлайнаар зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2020-11-24 09:33:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах бүх нийтий Бэлэн байдлын энэ үед Шатрын бодлого бодолтын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-нд Улс тунхагласны баярын өдрийг угтан онлайнаар зохион байгуулах аж. 


Энэ тэмцээн нь Дэлхийн шатрын Холбооны шатрын бодлого зохиомжийн хүндэт мастер, олон улсын шүүгч С.Чимидцэрэн агсны нэрэмжит болгон 11 дэх жилдээ болох гэж байна. Тэмцээн нь шатрын бодлого сонирхогчдын хүрээг өргөтгөх, олон улсын түвшинд өрсөлдөх бодогчдыг төрүүлэх зорилготойг шатрын олон улсын шүүгч Н.Тогоохүү хэлж байна. 

Тэрээр, тэмцээн Монголын шатарчдын группууд Шатрын бодлого зохиомжийн группуудэд тэмцээний даалгавар өгснөөр эхлэхийг мэдээллээ. Нэг баг ахлагчтайгаа нийлээд 3 хүнээс бүрдэнэ. Багийн тоо хязгааргүй, бодогчийн нас, хүйс, цол зэрэг, бодогчийн чансааг харгалзахгүй, хураамжгүй байх аж. 

Шатрын бодлого бодолтын төрөл сүүлийн жил манай улсад эрчимтэй хөгжиж байгааг тэрээр хэлж байна. Ялангуяа аймаг, орон нутагт. Тухайлбал, Ховд аймаг энэ төрлийн аварга шалгаруулах тэмцээнийг дотооддоо зохиож байгаа бол Сүхбаатар аймагт энэ тэмцээн уламжлал болжээ. Төв, Өмнөговь аймаг, Багануур дүүргийн шатрын холбоод шатрын энэ төрлөөр идэвх санаачилгатай ажиллаж байна. 

Шатрын бодлого бодолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 нүүдлийн 2, 4 нүүдлийн 1 бодлого болон хожлын этюд 1, 3 нүүдлийн урвуу болон хамжаа тус бүр 1, нийт 6 даалгавар өгөх аж. Эдгээр даалгаврыг олон улсын энэ төрлийн онлайн тэмцээний жишгээр сонгосон, 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн багийн гишүүдэд бодогчийн чансаа олгох юм байна. 


Ташрамд дурдахад манай улсаас шатрын бодлого бодолтын Дэлхийн шатрын холбооны мастер, олон улсын мастер С.Билгүүн 2016 онд Дэлхийн шатрын холбооноос зохион байгуулсан бодлого бодолтын залуучуудын анхдугаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга, Дэлхийн аварга бодогч болж байв.


Холбоотой мэдээ