ЗТХ-ийн сайд салбарын бодлого, зохион байгуулалтыг эрс сайжруулах үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-23 15:23:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайдын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар болж, хийсэн ажил, үйл ажиллагаа, шийдэх асуудлын талаар яамны газар, хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагууд танилцуулав.


Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар салбарын бодлого, төлөвлөлтийг эрс сайжруулах, ажлын хариуцлага, зохион байгуулалт, уялдаа холбоог дээшлүүлэх, өгч буй үүрэг даалгаварт хариуцлагатай хандах, зарим ажлыг эрчимжүүлэх тодорхой үүрэг, чиглэл өгөв.


Тухайлбал,  Хөдөлгөөний диспетчерүүдэд анхаарал хандуулж, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээр хангах, ажилд гарах үед нь эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулахыг ИНЕГ-т, Япон руу үйлдэх нислэг, Сөүлээс эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, хэрэгсэл татах нислэгийн бэлтгэл хангахыг “Монголын иргэний агаарын тээвэр” ТӨХК-д, Цагаанхад боомтод онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан урт, богинын тээвэрт яваа жолооч нарыг хавьталд оруулахгүй байхад анхаарч, тээвэр зохицуулах хүмүүсийн ээлжээр ажиллах нөхцөлийг хяналтын байгууллагатай хамтарч зохион байгуулж, хянах, Замын-Үүд дээр үүссэн нөхцөл байдал сайнгүй байгаа тул зохион байгуулалтад анхаарч, жолооч нарын цалин, нийгмийн асуудлын талаар ачаа хүлээн авагч нартай тохирч, тодорхой болгохыг үүрэг болгов.


Түүнчлэн, автомашины сонирхол татсан дугаарын дуудлага худалдаа зохион байгуулах, дотоодод мөрдөх журам боловсруулж бэлэн болгохыг “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-т, төлбөр хураах бүх цэгийг цахимжуулахыг эрчимжүүлж ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд төлбөр хураах цэг цахим хэлбэрт шилжихийг “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т, Онгоц өнгөрүүлэлтийн үеийн горим алдагдсан тухай, Бээжинд онгоц ослын буулт хийсэн тухай дүгнэлт яаралтай танилцуулахыг Нислэгийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанд, “МТЗ”-ын Төмөртэй өртөөн дээр ажилласан ЗТХЯ, МТЗ, УБТЗ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулахыг ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт, ЕСБХБ-ны санхүүжилтээр барих Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бэлтгэл хангуулах, өвөл хийх ажлын төлөвлөгөө гаргахыг ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт үүрэг болголоо.


Өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн 11 үүрэг, даалгаврын тав нь 100, тав нь 70, нэг нь 30 хувийн биелэлтэй  байв.

 

Холбоотой мэдээ