Байден тангараг өргөх өдрөө “Twitter”, “Facebook” дэх ерөнхийлөгчийн албан ёсны хуудсанд нэвтрэх эрхтэй болно

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-11-23 13:00:55

ВАШИНГТОН. /VOA/. “Twitter Inc”, “Facebook Inc” компаниуд АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны хуудсыг тус улсын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр буюу нэгдүгээр сарын 20-нд Жо Байдены засаг захиргаанд шилжүүлэн өгнө гэж тус компаниудын төлөөлөгчид мэдэгджээ.


Хоёр сүлжээн дэх “@POTUS” (төрийн тэргүүний албан тушаалын бүтэн нэрний товчлол - АНУ-ын Ерөнхийлөгч) гэсэн хаяг нь АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны хаяг юм. Гэхдээ Дональд Трамп “Twitter” (@realDonaldTrump), “Facebook” (@DonaldTrump) сүлжээнүүдэд өөрөө хувийн хуудсаа илүү идэвхтэй ашигладаг байна.


Трампын хувийн хуудсууд хэрэглэгчдийн дунд ерөнхийлөгчийн албан ёсны хаягнаас илүү алдартай юм. Жишээлбэл, “Twitter” -т тэрбээр 88.9 сая дагагчтай бөгөөд энэ нь ерөнхийлөгчийн албан ёсны хуудасны дагагчдын тооноос бараг гурав дахин их аж. Ерөнхийлөгчийн албан ёсны хуудас 32.8 сая дагагчтай байна.


“Facebook”  сүлжээнд ч мөн адил Трамп голдуу хувийн хуудсан дээрээ (34.6 сая дагагчтай) бичдэг.  6.4 сая дагагчтай Ерөнхийлөгчийн албан ёсны фэйсбүүк хуудсанд Трампын оруулсан сүүлийн бичлэг 2018 оны тавдугаар сарын 18-нд гарчээ. Үүнээс хойш тэрбээр энэ хуудсанд ямар нэг бичлэг нийтлээгүй байна.


 “Twitter” дэх АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны хуудсыг Барак Обама хэрэглэж байсан бөгөөд нэрийг нь @POTUS44 гэж өөрчилж байжээ.


Байденыг тангараг өргөх өдөр мөн Америкийн нийгмийн томоохон сүлжээнүүд болох дээрх хоёр сүлжээ Цагаан ордны шинэ засаг захиргаа, дэд ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарын албан ёсны хуудсыг мөн шилжүүлэн өгөхөөр бэлдэж байна.

Холбоотой мэдээ