Ховд хот баруун Монголын худалдааны хамгийн том төв байсан

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-23 11:09:20

Ховд /МОНЦАМЭ/. XX зууны эхэн үед Монгол орны баруун хязгаарын худалдааны хамгийн том төв нь Ховд хот байжээ. 1910 онд Ховд хотод Хятадын том пүүсийн салбар 20, жижиг худалдаачин 30, Оросын том пүүс 6 байсан. Мөн Герман пүүсийн хоёр салбар байжээ. 

Ховдод оршин суугчдын гол эрхлэх ажил нь худалдаа байсан. 

Ховдод монгол-хятад, монгол-оросын худалдаа гол суурь эзэлж байсан нь монголчууд үйлдвэрийн боловсорсон бараа таваар авч, мал, малын гаралтай түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргадаг байсантай холбоотой ажээ.  

Ховд хот нь баруун Монголын худалдааны төв байсан гэдгийг одоогийн 36 айлын орон сууц, Байгаль орчин аялал жуулчлалын газар байрлаж байгаа гудамж илэрхийлдэг.

1960-1970 аад оны үед чантуу нар эгнэж суугаад хүнсний ногоо сонгино, улаан лооль, тарвас, амтат гуа, өндөг худалддаг. Тэд ногоогоо хувинд хийж, дээгүүр нь алчуураар бүтээж тавиад хашаа түшиж эгнэн суудаг байсан. Мөн морь, тэмээ унасан хүмүүс аргал, сүү, тараг ганзагалж ирээд худалддаг байсан аж.

Ховд хотод олон жилийн турш амьдарч ирсэн ахмадууд эл гудамжийг их мөнгөний сав гэх буюу худалдааны зах анх энд үүссэн гэж бэлгэшээн ярилцдаг. Энэ ахуй байдлыг гэрчлэх 250 гаруй жилийн турш насалсан өндөр улиаснууд одоо ч бий. Зарим нь улиас модны хооронд хэц татаж бараагаа худалддаг байсныг ахмадууд дурсдаг гэж Ховд аймгийн ахмад сэтгүүлч А.Бямбасүрэн ярилаа. 

Холбоотой мэдээ